Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дууслаа. АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна. Нэрсийн жагсаалтад нийт 157 455 хүний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй санал хураалт явагдлаа. Үүнээс 96.3 хувь буюу 113 598 сонгогч нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн. Үүнийг оноонд шилжүүлж, АН-ын дотоод сонгуулийн хороогоор хэлэлцүүлэн тогтоол хэлбэрт шилжүүлэн танилцуулах болно. Урьдчилсан дүнгээр Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгууллаа” гэв.
АН-ын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр 21 аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийсэн. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намын даргын нэр дэвшигчээс татгалзаж буйгаа сонгууль болохоос хоёр хоногийн өмнө зарласан.
Учир нь тэрбээр УДШ-ээс С.Эрдэний хүргүүлсэн намын мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүчин төгөлдөр бус сонгуульд нэр дэвшихээс татгалдсан хэмээн мэдээллэсэн юм.
Гэвч АН-ын намын даргын сонгууль өнгөрсөн амралтын өдөр болж Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан байна.