Миний аав 53-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн. Нутаг усандаа нэр хүндтэй, цагтаа цалгиж, мандаж явсан үе түүнд бий. Аав эцсийнхээ амьсгалыг түрээсийн байрандаа ганцаараа байж байгаад хураасан. Хэнтэй ч хамт, аятайхан амьдрах боломжгүй болсон байсан л даа. Нас барсан шалтгааныг тодорхойлсон эмчийн дүгнэлтийг би өөрийн биеэр очиж авсан. Тархины болоод зүрхний хаван хавсарсан, хэдхэн хоромд бүх юм болоод дууссаныг би мэдсэн юм. Ядаж сүүлчийн мөчдөө зовоогүй явсанд нь бид баярладаг. Сүүлийн өдрүүддээ тасралтгүй, нойр хоолгүй их хэмжээний алкохол хэрэглэсэн тул хордлого, шокноосоо гарч чадалгүй ийм зүйл болсон байх гэсэн эмчийн үг одоо ч надад сонсогдсоор байдаг.
Аав маань яагаад ингэж төгсөв? Аймаг орон нутагтаа спортын амжилтаараа алдар нэрээ цуурайтуулж, хүн болгон ажлаа бүтээхээр түүнийг налдаг байсан он жилүүд дөнгөж саяхан шүү дээ. 1985-1995 он хүртэл түүний амьдралын оргил үе байсан шиг надад санагддаг. Гэвч 90-ээд оны эхэн үеийн их хувьчлал, цомхтгол манай Дархан хотыг харанхуй сүүдэр шиг дайрсан. Ер нь энэ сүүдэр улс орныг тэр чигт нь хамарсаныг би сүүлд нь мэдсэн юм. Хүн болгон ажил төрөлтэй, инээд хөөртэй, баяр наадам, жагсаал бөмбөрнөөс ганц хоёрхон жилийн дотор ажилгүйдэл, хоосрол, архидалт, салалт, үхэл хагацал, харанхуй бүрэнхий биднийг нөмрөн авсан. Бүх байгууллага хувьчлагдаж, ихэнх аавууд ажилгүй болсоныхоо дараа бүгд шахуу архинд орцгоосон. Хүүхдүүд бид цонхон дээрээ хэний аав эхэлж согтуу ирэхийг нүд салгалгүй бүртгэж суудаг хүндхэн цаг үеийг туулсан. Яагаад ч юм бэ согтуу ирээгүй өдөр ааваараа хачин их бахархдаг байж билээ. Намайг 10 жилд байхад миний мэдэх бүх хүүхдүүдийн аав, ээж салсныг би мэддэг. Манайх ч гэсэн салсан. Аавууд маань тухайн үед сэтгэлийн хаттай байж амьдралаа босгож, авч үлдэх ёстой байсан үгүйг би одоо хэлж мэдэхгүй. Харин би энэ бүхэнд 90 оны, цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гэж нэрийддэг хувьслыг буруутгадаг. Ардчилал Аавыг минь алсан. Ардчилал бидний аавуудын хамаг залуу нас, хүсэл мөрөөдөл, амьдралыг авч одсон. Ямар ч шалтгаантай байсан миний энэ үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл хүүхэд нас, хоёр нүд маань тэр бүхнийг үнэн гэдгийг гэрчилсэн юм шүү дээ.
Өнөөдөр би 40 настай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг хүртэл, захиргаадалтын үеэс өөрчлөлт шинэчлэлт нэртэй холион бантан хүртэл, ёс суртахуун дэг журмаас барууныг дуурайсан зах замбараагүй нийгэм хүртэлх 30 жилийн түүхийг үзлээ. Талбай дээр өлсөж жагссан ардчиллын алтан хараацайнууд одооны монголыг хүсээгүй л байх. Гэсэн ч би монголд байгаа ардчилал нэртэй харгис капитализмд үнэхээр дургүй.
Н.Сувд