Өдгөөгөөс 78 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “Генерал” хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгосон бөгөөд 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Жил бүрийн энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд алтан мөрдэстнүүдээ ээлжлэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж ирсэн ба энэ жил Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон тэднийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Өчигдөр зохион байгуулсан “Монгол генералын өдөр”-ын баярт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэг хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, 2021 болон 2022 онд генерал цол хүртсэн, цол ахисан генералуудын цолны үнэмлэхийг нь гардуулан өгсний зэрэгцээ алтан мөрдэст генералууд болон тэдний гэр бүлийнхэнд хандан үг хэлсэн юм. Тэр бээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төлөө зүтгэж ирсэн генералууд Та бүхний ард Зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь болсон гэр бүл, үр хүүхэд тань байдаг. Тиймээс энэ өдөр бол жагсаалын цэргээс төрийн генерал хүртэл нь амьдралынх нь үнэнч хань, амжилтынх нь өмөг түшиг болж, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг ар гэрийнхэн Та бүхний ч баярын өдөр юм. Эх орноо хамгаалагч цэрэг эрсийн манлай болсон эрхэм алтан мөрдөст Та бүхэндээ болон амьдралын тань өмөг түшиг болсон үнэнч хань, үр хүүхдүүдэд тань “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийг Монгол цэргийн Их хар сүлд өнө мөнхөд ивээж, Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сонирхуулахад,
ий дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 21, хошууч генерал 117, бригадын генерал 59 байна. Мөн энэ онд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баяраар Монгол Улсын анхны эмэгтэй генерал төрөн гарсан. Энэ бол Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүнийх нь өөрчлөлтийн илэрхийлэл төдийгүй улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан эмэгтэй цэргийн алба хаагчдын гавьяа, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж буйн нотолгоо болсон юм.Түүнчлэн генералуудын эгнээнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 15, сансрын нисгэгч нэг, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал байгаа бөгөөд нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтон байдаг ажээ.
Зэвсэгт хүчний Жанжин штаб