Хэвлэл мэдээллийн уран бүтээлч залуус нэгдэн ОХУ ын нутаг дэвсгэрээр 5000 км аялахаар аян замдаа гарч байна. Багийн бүрэлдэхүүнд АНУ дахь Монгол Тeлeвизийн eрөнхий продюсер Д.Анхбаяр, зураглаач Б.Баяржавхлан, орчуулагч редактор Ж.Эсбол, эмч Э.Баянбат нарын залуус багтаж байна.
Тэд автомашинтай ОХУ-ын нутгаар дамжиж, Казакстаны Алма-Ата,Астана (Нур Султан) хүрэх бөгөөд зорилго нь тухайн улс орнуудын өнөөгийн байдал, иргэдийн аж амьдралыг гэрэл зургийн болон дүрс бичлэгийн дуранд буулгаж, контент бэлтгэн уншигч, үзэгчдэд хүргэх юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн улс орнууд хилээ бүрэн нээгээгүй, мөн Орос, Украины дайн бүрэн дуусаагүй байгаа амаргүй цаг үед тухайн улс орноос мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх асуудал Монголын төдийгүй дэлхийн сэтгүүлч, уран бүтээлчдийн өмнө тулгамдсан асуудал болоод буй. Гэвч дээрх уран бүтээлчид өөрсдөө санхүүжилтээ босгож, аян замд гарч байна. Уран бүтээлчиддээ алтан шар зам нь өлзийтэй байж, аян замын ганзага дүүрэн ирэхийг хүсье.