Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгчтэй визийн талаар ярилцана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхана.

Энэ үеэр иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцож байгаа юм.

Сануулахад: БНСУ-ын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэхээр шийдсэн.

Ингэхдээ тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой аж.

Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой хэмээн мэдээллэсэн билээ.

Д.Гэрэлээ