Олимпийн аварга Н.Түвшинбаярыг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм бурууг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд эхэлсэн боловч хүсэлт хэлэлцэхээр шүүгчдийн бүрэлдхүүн зөвлөлдөж шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүх Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2022.05.12/ шүүж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон байна.
Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм.