Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж эхэлжээ

Ерөнхиийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн долоо хоногт Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны байранд үзлэг, нэгжлэг хийжээ. Түүнийг хөгжлийн банкны хэд хэдэн зээлтэй холбогдуулан ийнхүү шалгаж эхэлсэн байна.

Түүний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ны хамтаар “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум зээл авсан байдаг. Гэсэн ч зээлийн нийт үлдэгдэл нь 117.9 тэрбум төгрөг болж, шүүхийн хаалга татаад буй.

Мөн  “Пирамид-Орд” ХХК нь 2018 оны зургаадугаар сард “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Авсан зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9 мянга гаруй м.кв газрыг тавьсан байдаг. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байжээ.

“Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшил газарт “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд гаргаж байсан баримтыг зарим сайт мэдээллэсэн. Мөн “Пирамид-Орд ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаад үүрэг болгосугай” гэжээ. Сонирхуулахад, Г.Байгалмаа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад түүний Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан билээ.