Ногоон зээлийг иргэнд жилийн 3, ААН-д жилийн 8 хувийн хүүтэй олгоно

“Алсын хараа: 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт байгаль орчинд ээлтэй ногоон зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үр ашигтай дэвшилтэт ногоон технологийг эдийн засгийн хөшүүргээр дэмжих, ногоон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох механизм бий болгох тухай заасан байдаг.

Дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ХААН, Хас, Төрийн банктай хамтран “Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох” арга хэмжээг 2019 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2022 онд тус банкнуудад олгох санхүүжилтийн гэрээ байгуулаад байгааг Улсын Их хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хурлын үеэр мэдэгдлээ. Тус арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид өмнө нь нийт 25 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байсан бол бүтээгдэхүүний тоог 9-өөр нэмэгдүүлж нийт 34 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохоор Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор батлагдсан.

:

Иргэнд:

  1. Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох;
  2. Өрхийн хэрэглээний болон өөрийн объектын нүүрсээр галладаг зуухыг хийн зуухаар солих.

Аж ахуй нэгжид:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур;
  2. Бүх төрлийн өвөл, зуны хүлэмж барих;
  3. Усны урсцын эрчим ашиглан ус шахах төхөөрөмж авах;
  4. Ойн аж ахуйн болон хөдөө аж ахуйн трактор авах;
  5. Ойн аж ахуйн болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд /анжис, борной, роторт сийрүүлэгч, далан гаргагч, модны нүх ухагч өрөм, үрлэгч, суулгац шилжүүлэн таригч, ковш, чиргүүл, бууц бордоо цацагч/;
  6. Автомашины яндангийн шүүлтүүр;
  7. Нүүрсээр ажилладаг зуухыг хийн зуух болон сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр солих;

БОАЖЯ-ны хөнгөлөлттэй ногоон зээлийг ХААН, Хас, Төрийн банкнуудаар дамжуулан иргэн жилийн 2-3 хувь /нүхэн жорлонд 2 хувь/, Аж ахуй нэгж байгууллага жилийн 8 хувийн зээлийг авах боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба