СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын усанд осолдсон байж болзошгүй хоёр настай хүүг эрэн хайж байна

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол, мөрөн, нуурын ойролцоо анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Тавдугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн Цагаан гарам гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага Онцгой байдлын газар бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хоёр настай хүүг тус сумын Цагаан гарам багийн Цагаан хад гэдэг газраас Хоёр-Арал гэдэг газар хүртэл 25 километрт завиар, голын эрэг дагуу 20 километрт явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Түүнчлэн тавдугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд 11 хүн зугаалж явснаас нэг нь Эг голын усанд завинаас унаж живсэн гэх дуудлага бүртгэгдсэн бөгөөд тус иргэнийг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоогоод байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
  • Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;
  • Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлаа хангах;
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;
  • Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);
  • Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.