Сүүлийн өдрүүдэд Эмээлт дахь махны үйлдвэрүүд муудсан маханд химийн бодис хольж дэлгүүр худалдааны төвүүдэд нийлүүлдэг байсан байж болзошгүй нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд ил болгоод буй.
Тэгвэл тухайн үйлдвэрүүдэд шинжилгээ хийдэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн эрхлэгчээр Д.Эрдэнэтуяа нь өөрөө махны бизнес эрхэлдэг аж. Түүний нөхрийг Д.Отгонбаатар гэдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоор ажилладаг. Д.Отгонбаатар нь төрд ажиллахаас гадна “Эбо холдинг” ХХК, “Эбо капитал” ХХК, “Эбо транс” ХХК, “ЭБО групп” ХХК, “Транзит газ” ХХК, “ЭБО лаки” ХХК, “ЭБО трейдинг” ХХК, “ЭБОЭБЖ” ХХК, “ЭБО инвест” ХХК-иудын захирлаар ажилладаг. Дээрх компаниудыг НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байдаг ажээ.
ТАЙЛБАР: “ЭБО ХОЛДИНГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ, ЧД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ОТГОНБААТАР, НМХГ-ЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Д.ЭРДЭНЭТУЯА НАР
Гэтэл Төв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа болон түүний нөхөр ЧД-ийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нарын эзэмшдэг “ЭБО холдинг” ХХК нь гахай, тахианы мах зах зээлд нийлүүлдэг ажээ.
Монголд гахайн мах импортолдог 10 аж ахуйн нэгж байдгаас гол тоглогчдын нэг нь “ЭБО холдинг” ХХК юм байна. Тэд цар тахал дэгдэж, хил хаагдахаас өмнө буюу 2018-2019 онд л гэхэд 3000 тонн гахайн мах, 3388 тонн гахайн өөх буюу үнийн дүнгээр нь тооцвол 6.8 сая ам.долларын гахайн мах, 3.4 сая ам.долларын гахайн өөх оруулж ирсэн гэх ГЕГ-ын дүн мэдээ байна. “ЭБО холдинг” ХХК-ийн хувьд гахай, тахианы махаа ихэвчлэн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр зарж борлуулдаг ажээ. Гахай, тахианы мах ашигтай бизнес гэдэг нь НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа ХОМ-ээс тодорхой харагдана. Тухайлбал, тэрбээр 2.4 тэрбум төгрөгийн нэг амины хаус, нэг орон сууц, үйлчилгээний гурван барилгатай, 200 сая төгрөгийн дөрвөн газартай, 183 сая төгрөгийн авлагатай, 140 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгөө мэдүүлжээ.