“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэж буй. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөжээ.
Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан 2022 оны зургадугаар сарын 21-ний 00:00 цагаас зургадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл Олимпийн гүүрээс Махатма Гандийн түр зам хүртэл асфальт бетон хучилтын ажил хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Харин хойд эгнээ буюу Олимпийн гүүрээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан хэлэв.