Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгджээ. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж нийт айл өрхийн эрчим хүчний төлбөрийг төр даасан. Үүнээс болж зарим хүн энэ жил төлбөрөө төлөхөөс татгалзаж, олон өрхийн өр төлбөр нэмэгдэж хуримтлагдсан байна. Тиймээс цахилгааны төлбөрөө төлөөгүй айлын дулааныг хязгаарлахаас өөр сонголтгүй болсон гэв.
“УБДС” ТӨХК-ийн мэдэгдэлд “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм. Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим хүч дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн судалгаанаас тодорхой харагддаг. Монгол Улсын Засгийн газраас Covid-19 халдварт цар тахал гарснаас үүдэн ард иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэл хугацаанд эрчим хүчний төлбөр дээр хөнгөлөлт үзүүлсэн.
Харамсалтай нь зарим хэрэглэгчдийн хувьд эрчим хүчийг байнга үнэгүй хэрэглэж болох юм гэсэн ойлголтоор хандаж төлбөрөө төлөхгүй байх байдал үүсэж байна.
Иймд дулааны эрчим хүчний төлбөрөө төлөхгүй байгаа хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээг хуулийн дагуу хязгаарлах нөхцөл байдал үүслээ. “УБДС” ТӨХК нь дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг төлбөрөө төлөх хүртэл хугацаанд хязгаарлахаар болж байгаа бөгөөд хязгаарлагдах хэрэглэгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн цахим хуудаснуудад мэдээлэх болно” гэжээ.