БЯСЛАГНЫ АШИГ ТУС

Бяслагийг үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэх бөгөөд үүний тулд сүү ээдүүлэх ферментийг ашиглана. Бяслаг нь уураг, тосоор баялаг ба мөн А витамин, кальци, фосфор агуулдаг. Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг бий. Нидерланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцар зэрэг улс орон бяслаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.
Монголчууд бид эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Цагаан идээ хүний биед ихээхэн ач тустай.
Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай.
Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задлаж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана.
Бяслаг нь үл орлох аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.
Бяслагны ашиг тус
Өдөр тутмын хоол хүнсэнд зайлшгүй багтах шаардлагатай хүнс бол “бяслаг” юм. Бяслаг хэмээх тэжээллэг сүүн бүтээгдэхүүн нь амт, үнэр, шинж чанараараа ямагт хүмүүсийг өөртөө татан дурлуулсаар ирсэн билээ. Европт олон зуун жилийн хэрэглээ болсоор ирсэн уг органик хүнсэнд агуулагдах ашиг шим юунд оршино вэ?
Кальциар хамгийн баялаг
Бяслагт таны шүд, ясыг эрүүл нягт байлгах хангалттай хэмжээний кальци агуулагдана. Кальцийг бие махбодод шимэгдэхэд Д3 болон К2 витамин чухал нөлөөтэй байдаг бөгөөд уг 2 витамин нь мөн адил бяслагт агуулагддаг тул дархлаа дэмжих, хавдрын эсрэг бодисын солилцоог сайжруулах давхар ач холбогдолтой. Мөн эдгээр кальци, В амин дэм, эрдсүүдийн нэгдэл нь өндөр настан, хүүхдүүд төдийгүй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд байгалийн аргаар ясны кальци, эрдсээ нөхөх эх үүсвэр болдог.
Бяслаг нь уургаар баялаг тул гоо сайханд тустай
Органик бяслаг нь уургаар болон амин хүчлээр баялаг байдаг тул тархи, булчин, арьс гээд бие организмын хэвийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой байдаг. Уураг, амин хүчил нь таны арьс, үсний уян хатан, гялалзсан, өнгөлөг байхад чухал нөлөөтэй тул та одооноос жимс, ногоо зэрэг хүнсний хажуугаар өдөр тутмын хүнсний хэрэгцээндээ бяслагийг заавал нэмээрэй.
Натурал тослог
Бидний бие организмд өөх тос маш их шаардлагатай байдаг. Гэхдээ мэдээж натурал буюу байгалийн өөх тос байх нь илүү ач тустай. Бяслагт агуулагдах өөх тоос нь омега 3 агуулсан, өндөр чанарын байгалийн өөх тос байдаг бөгөөд биеийн жинг хэвийн хэмжээнд барих, шаардлагатай тохиолдолд нэмэгдүүлэх, булчингийн массыг нэмэх, биеийн эсийн үйл ажиллагааг дэмжих, бие махбодын температурыг хадгалах зэрэг ач холбогдолтой.
Бяслаг нь ашигтай бактериар баялаг
Тэжээл сайтай, эрүүл малын сүүгээр хийсэн бяслаг нь сая, сая байгалийн гаралтай ашигтай бактерийг агуулдаг. Эдгээр нөхөрсөг, ашигтай бактериуд нь цусны даралт ихсэх, холестерины хэмжээ алдагдахаас сэргийлдэг. Үүгээр ч зогсохгүй пробиотик чанар нь гэдэс хямарч, ходоодны үйл ажиллагаа алдагдах гэх мэт хоол боловсруулах эрхтний асуудлуудад эерэг нөлөө үзүүлдэг байна.
Бяслаг таныг тайвшруулна.
Бяслаг нь биднийг тайвшруулж, сэтгэл ханамж нэмэгдүүлдэг Тирозин гэх амин хүчлийг агуулдаг бөгөөд агуулагдах тослог нь бидний тархийг допамин буюу сайхан мэдрэмж төрүүлэх аз жаргалын гормон үйлдвэрлэхэд тусалдаг. Эдгээр бодис нь оюуны үйл ажиллагаа, булчингийн хөгжилд эерэгээр нөлөөлж, хөгшрөлтийг удаашруулж, депрессийг бууруулдаг. Мөн Триптофан гэх нойр хүргэж тайвшруулах бодис ялгаруулдгийг эрдэмтэд тогтоожээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100058234742359