Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-АМНАТ давхар авч байна гэж Цэц үзсэн. Та яагаад үүнтэй санал нийлэхгүй, эсэргүүцээд байгаа юм бэ. Ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм уу?
-АМНАТ гэдэг бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Татвар биш. Татвар гэдэг бол үйл ажиллагаа явуулаад орсон орлогоосоо зардлаа хасаад төлдөг зүйлийг татвар гэнэ. Гэтэл Сангийн сайд худлаа ярьдаг Хүрэлбаатар татвар төлбөр хоёроо ялгахгүй байна. Хүн дэлгүүрээс талах авахдаа төлбөр төлж авна. Үүнтэй яг ижил. Төлбөрөө төлөөгүй бол чамд талх өгөхгүй. Тэгэхээр төлбөр төлөгдөхгүйгээр улсын төсөв 1.3 их наядаар тасарна гэдэг ойлголт байхгүй. Татвар, төлбөр хоёроо ялгахгүй хүнээр Сангийн сайд тавьчихаад МАН баларч байна.
Ашигт малтмалын төлбөрийг хэн төлөх вэ. Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч төрийн мэдэлд байна гэж заасан. Тэгэхээр АМНАТ бол ард түмний мэдэлд очих ёстой төлбөр. Газрын доорх баялгаа газар дээр гаргаж ирээд гаргаж ирсэн компанид худалдаж байна гэсэн үг. Нийт борлуулдаг үнийн таван хувиар тооцон төлбөр авна. Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт ч юм уу газрын дор байгаа баялгийг гаргаж ирж боловсруулаад худалдаж байгаа үнийн дүнгийн таван хувиар ашигтай ажилласан уу, борлуулсан уу гэдгээс үл хамаараад зарж байна гэсэн үг. Тэгэхээр газар дор байсан ашигт малтмал газар дээр гарч ирээд таван хувийнхаа төлбөрийг төлөөд тухайн компанийн өмч болж байгаа юм. Ард түмний өмчөөс компанийн өмч болж байна гэсэн үг. Түүнийг худалдаж авсан хүн дахиж төлбөр төлөхгүй. Би дараагийн шат ярьж байгаа шүү. Нүүрс, зэсийн баяжмал, алт, цайр худалдаж авсан хүн дахиж төлбөр төлөхгүй. Яагаад гэвэл нэг төлбөр төлөөд тэр компанийн өмч болчихсон учраас тэр. Д.Бямбасүрэн гуай их зөв зүйрлэл хэлсэн байналээ. Би малчнаас хонио авлаа. Мөнгөө төлөөд л хонио авчихна. Хониороо бууз хийж зарж ашиг оллоо гэж бодоход малчин “миний хонины махаар чи бууз хийж өндөр үнээр зарсан учраас дахиж чамаас төлбөр авна” гэж ирдэггүйтэй адилхан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 нэг л удаа А лиценз эзэмшигч АМНАТ төлдөг байсныг ашигласан гэж нэмээд Монголд байгаа 140 гаруй боловсруулах үйлдвэрийг бүгдийг нь ажиллах боломжгүй болголоо. Хятад ч юм уу, импортлогчдын үгэнд ороод Монголд ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдийг байхгүй болгохоор хууль баталсан нь буруу. Сангийн яам ашигласан бол гэдэг хууль оруулж ирээд дахиад л хэрүүл болоод явж байна. Хоёр удаа АМНАТ авч болохгүй. Дэлгүүрээс талх авсан л бол болоо шүү дээ. Дахиж төлбөр төлөхгүй. Ийм энгийн юмыг ойлгодоггүй Сангийн сайдтай байгаа нь мөн өрөвдөлтэй. МАН-д Ч.Хүрэлбаатараас өөр Сангийн сайд хийчих хүн олдохгүй. Захиалга нь ердөө л хятадын импортлогч нар. Хятадын импортлогч нар АМНАТ шингэсэн үнээр худалдаж аваад хил гаргаад л болоо. Дахиж ямар ч төлбөр төлөхгүй. Гэтэл Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй үйлдвэр бүгдээрээ энэ төлбөрийг дахин төлөх болчихоод байгаа юм. Тэр нь буруу. Зарчмын хувьд төлбөр учраас нэг л удаа төлөгдөнө.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Цэцийн шийдвэрт боловсруулах үйлдвэрүүдийн лобби нөлөөлсөн мэдээлэл ч гараад байгаа. Тухайлбал, танай дүүгийн Страто гэдэг компанийн нөлөө орсон гэх юм?
-Ямар ч нөлөөлөл байхгүй. Хэвлэлүүд юм таамаглаж бичдэгээ болих хэрэгтэй. Тэр бол манай дүүгийн компани биш. Шал өөр хүмүүсийн компани. Худлаа бичээд байвал цагдаад өгнө.
-Ирэх оны төсөвт АМНАТ-өөс 1.3 их наядыг төвлөрүүлнэ гэж төсөвлөсөн. Гэтэл Цэцийн шийдвэрээс болоод төсөв энэ хэмжээгээр тасрах эрсдэл байна гэдгийг Сангийн сайд хэлээд байгаа?
-Оны эцэс болж байгаа учраас энэ төлбөр бүгд төлөгдөөд дууссан байгаа. Энэ жилийн төсөв сайн байгаа. Үнэ сайн байгаа учраас. Төлбөрөө төлөхгүй бол дэлгүүр хэнд ч талх өгөхгүй. Тэгэхээр АМНАТ төлөгдөхгүй бол ашигт малтмалаа хил гаргахыг нь зогсоочихно. Улсын авч болох арга хэмжээ бол энэ. Ашигтай ажилласныхаа дараа төлдөг татвар биш учраас төлөхгүй бол зогсоно. Жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр гээд энэ бүгдээс АМНАТ авдаггүй байсан. Энэ оны гуравдугаар сарын 26-ны Засгийн газраас оруулж ирсэн хуулийг баталахаас өмнө Монгол Улс түүхэндээ хэзээ ч авч байгаагүй. Энэ хууль гарснаас хойш нөгөө үйлдвэрүүд хаалгаа бариад өгөхөө больсон. “бид яагаад ашигт малтмал олборлоогүй байж төлбөр төлөх юм. Яагаад өмнө нь биднээс хэзээ ч авч байгаагүй төлбөрийг авах гээд байгаа юм” гэж байгаа. Хоёрдугаарт, АМНАТ гэдэг зүйлийг улсын төсөв рүү оруулж Ч.Хүрэлбаатарын гараар үрэн таран хийлгэж болохгүй. Энэ өөрөө татвар биш учраас улсын төсөвт орох ёсгүй. Гишүүд энэ хуулийг ярьж байгаа бол 100 хувь Ирээдүй өв сандаа оруулах хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүн энэ мөнгийг мэдэж болохгүй. АМНАТ нэмэгдэхээр Ч.Хүрэлбаатарын иддэг, уудаг мөнгө л нэмэгдээд байна шүү дээ. Увс аймагт хэдэн зуун тэрбум төгрөг ч тавьчихсан юм. АМНАТ бол ингэж дураараа зарцуулж болдоггүй мөнгө. Миний мөнгө, чиний мөнгө. Миний, чиний ашигт малтмалыг зараад олсон мөнгө. Харин үйл ажиллагаа явуулаад татвар төлөөд явдаг бол улсын төсөв болно. Энэ хоёр ялгааг мэдэхгүй, хүмүүсийг төөрөлдүүлээд 1.3 их наядын цоорхой үүснэ гээд байх юм. Тийм ямар ч боломжгүй. АМНАТ төлөхгүй бол бүгдийг нь хаана.
-140 гаруй боловсруулах үйлдвэр ажиллаж чадахгүй хаалгаа барьсан гэж байна. Бүгд хаалгаа барьсан гэж үү?
-Боловсруулах үйлдвэрүүд хоёр янз байгаа. Хажуудаа угаах үйлдвэртэй Инержи шиг, угаах үйлдвэргүй Тавантолгой шиг. Хажуудаа боловсруулах үйлдвэртэй компаниудад давхардахгүй байгаа юм. Тусдаа байгуулсан үйлдвэр дээр давхардал үүсээд байгаа. Тэгэхээр Их хурал үүнийг яаралтай засахгүй бол одоогийн хуулиар явах боломжгүй. АМНАТ төлөгдөхгүй байх үндэсгүй. Гааль руу бичиг явуулаад хаачихна. 10,11,12 сарынхыг хааж болно. Есдүгээр сар бол төлөгдсөн. Энэ сар болгон төлөгддөг төлбөр. Төсөв хэлэлцэж байгаа дээрээ зөвхөн олборлогч нь төлдөг хуулиа буцааж сэргээхгүй бол одоогийн хуулиар явах боломжгүй. Хятад импортлогчдын захиалгаар баталсан хуулиа УИХ нэн яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. Тэрийг нь хийсэн хүн Ч.Хүрэлбаатар болж таарлаа. Одоо Уул уурхайн яам, Сангийн яам хоёр хоорондоо хэрэлдээд байна шүү дээ. Уул уурхайн яам дотоодын боловсруулах үйлдвэрээ дэмжиж эд АМНАТ төлөх ёсгүй гэж байгаа юм. Сангийн яам бол төлнө гэж мангартаад байгаа юм. Татвар, төлбөр хоёроо ялгагддаггүй Ч.Хүрэлбаатар шиг хүнээр Сангийн сайд хийлгэж байгаа МАН үнэн өрөвдөлтэй байна.
-Таныг Их хурлын дарга байхад ч АМНАТ улсын төсөв рүү ордог байсан биз дээ?
-Ирээдүй өв сан руу оруулдаг болсон юм. Одоо харин 100 хувь оруулдаг болгох хэрэгтэй. Тодорхой үнээс дээш гарсныг Ирээдүй өв сан руу оруулдаг байсан. Тодруулбал, зэсийг 5000 гэж тооцоод 6000 байсан бол илүүг нь хийдэг байсан гэсэн үг. Одоо бол би бүх АМНАТ-ийг төсвөөсөө тусгаарла гэж байгаа юм. Яагаад гэвэл АМНАТ бол нэг удаагийн мөнгө. Татвар бол жил болгон эргэлддэг өөр төрлийн мөнгө.
Парламентаар Ерөнхийлөгчийг сонгуульж хэрхэвч болохгүй
-Ерөнхийлөгчийн төсөв ирэх онд ямар байгаа вэ?
-Манай төсөв 2016 онд ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Гишүүд өөрсдөө нэмж өгье гэж байна. Учир нь Ардчилсан хувьсгалын 30, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль ирэх жил олгоно. Энэ бүх медалиудын мөнгийг огт суулгаагүй. Ардчилсан хувьсгалын тогтоол нь одоо гарах гэж байна. УИХ-ын гишүүд дахиад 100 жилийн медалий. төсвийг баталж өгнө гэж байна. Энэ хоёрт тохирсон мөнгийг манай төсөвт нэмж суулгах байх.
-Хэнтийн төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Аймгуудын төсөв ийм ялгаатай байж болохгүй. Дундговь, Улаанбаатарт нойл. Хэнтий, Увс хоёрт нийлбэр дүнгээрээ бараг 270, 280 тэрбум болж байна. Тийм ялгаатай байж болохгүй. Гэхдээ баталъя гэвэл гишүүд батлах л байлгүй дээ.
-Засгийн газрын тэргүүнүүдийн орон нутаг, тойрог бусад аймгаас илүү төсөвтэй байгаа нь албан тушаалаа ашигласан үйлдэл мөн үү?
-Хэнтийд тийм хэмжээний төсөв тавих шаардлагатай байж болно. Түүнийгээ л сайн тайлбарлах ёстой. Хэнтий аймагт очиж байгаа төсөв биш, улсын хэмжээний ажил бол болно.
-Үндсэн хуульд оруулах танай намаас тавиад байгаа гурван санал дээр ажлын хэсэг зөвшилцөж байна. Гэтэл таныг Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг дэмжихгүй байгаа гэх юм. Яагаад дэмжихгүй байгаа юм бэ?
-Ардчилсан нам “ард түмэн Ерөнхийлөгч сонгож байсан нь буруу байсан байна. Одоо 76 гишүүн сонгоё” гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр нь би “наадхаа очоод ард түмэндээ хэл” гэсэн. Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог ардчиллынхаа ололт амжилтаас Монгол Улс ухарч болохгүй. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийнэ гэж тохирсон чинь АН-ын санал дотор энэ санал орж ирээд будлиулаад байгаа юм. Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй, зөвшөөрөхгүй. Х.Баттулга Ерөнхийлөгчийг хоёр удуу сонгогдсоны дараа хэрэгжүүлье гэж байна. Түүнийг ч гэсэн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн институт гэдэг юм Монгол Улсад амьдраад зөв гэдгээ харуулчихлаа. Ардчилсан холбоо эвсэл 1996 онд 50-уулаа сонгогдоод экстрим шийдвэр гаргахаас Н.Багабанди Ерөнхийлөгч сэргийлсэн юм байна. Хэт олуулаа болчихоор янз бүрийн юм хийнэ шүү дээ. МАН 2016 онд 65-уулаа болоод бас хэтэрхий экстрим юм хийхээс Х.Баттулга Ерөнхийлөгч хязгаарлаж өгч байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглал Монгол Улсад хэрэгтэй гэдгийг хоёр удаа харууллаа. УИХ-ын гишүүд нь нэг намынх болсон байхад тэд нартаа хууль сахиулдаг, Үндсэн хууль сахиулдаг ард түмнээсээ сонгогдсон нэг хүн байх хэрэгтэй юм байна. Х.Баттулага гэдэг хүн дахиж Ерөнхийлөгч болох гээд байгаадаа биш. Энэ бол Монгол Улсын өнөөгийн нөхцөлд таарч байгаа төрийн байгууллага мөн байна. Үүнийг алга болгочихвол Ерөнхийлөгчөө дөрвөн жилд дөрвөн удаа солих болно.
-Ерөнхий сайд шиг үү?
-Ерөнхий сайдыг яаж сольдог яг тэрэнтэйгээ адил юм болно. Төсөөлж бодвол 2021 оноос Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог боллоо. Нэг Ерөнхийлөгч гарлаа. Гэтэл гишүүд нь очоод “манай аавыг гавьяат болго” гэнэ. Эсвэл “манай ахыг Хөдөлмөрийн баатар болго” гэнэ. Үгүй гэхээр “чи яасан том Ерөнхийлөгч вэ, чамайг хуснаа” гээд маргааш нь өөр Ерөнхийлөгч авчраад тавьчихна. Тэгэхээр Монголын төрийн тэргүүн ийм тогтворгүй байж болохгүй. Ард түмнээсээ ганцхан парламент сонгогдоод Ерөнхийлөгчөө, шүүхээ, прокуророо томилох супер Их хурал болох гээд байна шүү дээ. Дэлхий дээр ийм супер Их хурал байхгүй. Манай хоёр хөршийн Ерөнхийлөгч 10, 12 жилээр тогтвортой байна. Жил болгон уулзсан чинь Монголын Ерөнхийлөгч 10 жилд 10 өөр хүн очвол ямар юмных нь тогтвортой байдал байх вэ. Тэгэхээр УИХ-д энэ эрхийг ерөөсөө өгч болохгүй. Одоогийн байгаа эрх нь илүүдээд байгаа. Хүн томилдог эрхийг нь ч бүгдийг болиулах ёстой.
-Тэгэхээр хаанаас томилох юм бэ?
-Америкийн Үндсэн хуулиар парламент нь нэг ч хүн томилохгүй. Гэхдээ олон томилгоонд оролцоно. Бүх томилгоог гүйцэтгэх засаглал хийнэ. Засгийн газар нь мөнгөө мэдэхгүй. Засгийн газар мөнгөө мэдэхгүй. Бүх мөнгийг нь парламент баталж өгнө. Ийм ажил үүргийн хуваарь байдаг учраас аль нэг нь дураараа авирлаж болдоггүй юм билээ. Хууль тогтоо гэж парламентыг сонгосон болохоос Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг томилоод бай гэж энэ хүмүүсийг сонгоогүй. Тэгэхээр парламент хууль гаргах ёстой болохоос хүн томилж болохгүй. Мөнгийг яагаад парламент мэдэх ёстой вэ гэхээр ард түмнээс сонгогдсоны хувьд Засгийн газарт улсын төсөв гэдэг номыг гаргаж өгч а, б-гүй зааж өгнө. Түүний дагуу Засгийн газар зарцуулах ёстой. Мөнгө мэддэг хүнээр хүн битгий томилуул, хүн мэддэг хүнээр мөнгө битгий бариул гэдэг маш энгийн зарчим байгаа. Монголбанкны ажлаа өгч байгаа Н.Баяртсайхан 200 орон тоо шинээр нэмсэн байна. Орон тоо нэмж болохгүй. УИХ ямар орон тоотой, хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг нь баталж өгөхөөс биш том байшин бариад, 200 Увсын хүн ажилд аваад бужигнуулж өгсөн байгаа юм. Засгийн газар хүнээ мэддэг болчихвол хамаатнуудаа ажилд оруулах гээд байгууллагуудыг шинээр үйлдвэрлэнэ. Тиймээс шинэ байгууллага байгуулахыг Их хурал мэддэг болгож өгөх хэрэгтэй. Харин пардаментаас Ерөнхийлөгчийг сонгуульж хэрхэвч болохгүй.
-Бусад хоёр саналыг дэмжиж байгаа юу?
-Ерөнхий сайд нь кабинетаа байгуулахыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан таван жил, 108, холимог тогтолцоог ирэх жил авч чадахгүй бол тэрний дараа жил ав гэж байгаа. 2024 оноос.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Itiom.mn