“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Р.Мягмаржаваас “Уурхайчин-2” төслийн барилгын ажлын өрнөл явцын талаар тодрууллаа.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор анх 2019 оны 5-р сарын 29-нд Ажлын хэсэг байгуулж, “Уурхайчин-2” хорооллын ажлыг явуулах техникийн тодорхойлолт боловсруулсан. Үүний дараа тендерийн урилга тавьсан. Тендерт гурван компани орсноос хамгийн хямд үнийн саналтай, хятадын компанитай түншлэлийн гэрээтэй “Өргөө хаан констракшн” компани ялалт байгуулсан. Тухайн үед барилгын ажлыг 2020 оны 12-р сарын 30-нд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан.
-Техникийн даалгаварт юу тусгасан бэ?
-Тухайн компани түлхүүр гардуулах нөхцөлтэй, 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж, манай ажилчдад худалдан борлуулах үүрэгтэй. Дээрээс нь тухайн компани скиз зураг, ерөнхий төлөвлөгөөний зураг, архитектор төлөвлөлтийн даалгавраа, барилгын зургаа шинжээчээр батлуулах, геологийн дүгнэлт, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сүлжээний болон гадна төлөвлөлтийг цогцоор нь төлөвлөх үүрэг хүлээсэн. Мөн эдгээр үүргээ хэдий хугацаанд хийх төлөвлөгөөгөө гаргаж өгөх байсан. Энэ бол гэрээний салшгүй хэсэг. Төлөвлөгөөгөөр скиз зургийг 2019 оны 10-р сарын 25-нд хийсэн байх ёстой. Барилгын бүтээцийн зургийг 2019 оны 11-р сараас 2020 оны 01-р сар гэхэд хийж дуусгах, техникийн нөхцөлийг 2019 оны 11-р сарын 20-оос 2020 оны 1-р сарын 20-ны хооронд авах төлөвлөгөө хийж ирүүлсэн. Газар шорооны ажлыг 2020 оны 3-р сарын 20-оос 4-р сарын хооронд хийж дуусгана гэсэн. Барилга угсралтын ажлыг 2020 оны 12-р сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Үндсэндээ жилийн хугацаанд барьж дуусгах гэрээ хийсэн. Гэтэл өдий болтол дуусгах нь бүү хэл эхлээгүй байна.
-Барилгын ямар ажил хийгдсэн байгаа вэ?
-Газар шорооны тэгшилгээний ажил, зургаан барилгын дөрвийнх нь бетон суурь тавигдсан байдалтай байгаа.
-Баярлалаа