Нийслэлийн онцгой комиссоос угаарын хийнд хордсон иргэдийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ны 18.00 цагаас 12-ны 06.00 цаг хүртэл угаарын хийн хөнгөн хордсон гэх есөн дуудлага иржээ. Үүнээс 17 том хүн, таван хүүхэд дуудлага өгсөн бөгөөд өглөөний 09.00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй хэмээн мэдээллээ.
Дээрх иргэдэд эмнэлгийн туслалцаа үзүүлэн, гэрээр эмчлүүлэх зөвлөгөө бичиж өгсөн ажээ. Мөн хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна гэдгийг албаныхан онцолж хэллээ.
Мөн энэ оны эхний 9 сарын байдлаар 3023 удаагийн ахуйн гал түймэр гарсан бөгөөд үүний 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүд эзэлсэн байна.