ХДХВ/ДОХ-аас сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороог Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахалж ажилладаг бөгөөд тус хорооны шийдвэрээр БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан.
Тэгвэл орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, орон нутгийн иргэдэд хүрч ажиллах зорилгоор энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг зохион байгуулж байна. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анузаяа, Глобал сангийн дэмжлэгтэй төслийн зохицуулагч М.Сэргэлэн, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга болон бусад 70 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь үндэсний аюулгүй байдал, хөгжлийн асуудал бөгөөд Төрийн захиргааны төв байгууллагууд, олон талын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, “Тэгш бус байдлыг арилгаж, ХДХВ-ийн халдварыг таслан зогсоох”-д гар бие оролцох нь чухал юм.
Тус үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлсэн үгэндээ “ХДХВ-ийн халдвартай бүртгэгдсэн тохиолдлын тоогоор Монгол Улс нийт хүн амын дунд бага тархалттай, эрсдэлт бүлгийн хүн амын дунд буюу ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай залуусын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтдаг. Манай улс жил бүр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс гаргадаг арга аргачлалын дагуу ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллыг хийдэг бөгөөд энэхүү тооцооллоор 2022 онд 641 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байх магадлалтай байна.
ХДХВ,ДОХ-ын тархалт эхэлсэнээс хойш ХДХВ-ийн халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд халдварын шинэ тохиолдол буурсаар байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 36 хувь нь 2013-2017 оны таван жилд бүртгэгдэж байсан бол сүүлийн таван жилд бүртгэгдсэн тохиолдол есөн хувиар буурчээ. Энэ нь манай улсад 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн “Эмчилгээ-Урьдчилан сэргийлэлт хөтөлбөр” амжилттай хэрэгжсэнийг илтгэх нааштай үр дүн юм.
Төрөөс ХДХВ,ДОХ,БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр баримтлах бодлогыг үе шаттайгаар боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол улс 1994 онд ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх тухай анхны хуулийг батлан, 2004 онд ХДХВ-ийн халдвартай иргэдийн эрхийг хамгаалах талаар нэмэлт өөрчлөлт оруулж, 2012 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-той холбогдон үүсэх хүний эрхийг хүндэтгэн хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, хувь хүний нууцтай холбогдох эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ –аар батлуулан мөрдөж эхэлсэн нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрахад нь багагүй дэмжлэг болж чадсан.
Түүнчлэн 2019 онд “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатитын В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох журам”, 2022 онд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”-г Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан, мөрдөн ажиллаж байна.
Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг манлайлан, үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газарт талархал илэрхийлье.” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 345 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 287 иргэн ХӨСҮТ-д бүртгэлтэйгээр хяналтанд байна.