ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ БОЛОН МҮЦАЭХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Ш.Лхагва, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 1072 хувьцааг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьцааны бүртгэл, тоо ширхэгийг баталгаажуулах, ногдол ашгийг олгох, нэмж хувьцаа эзэмшүүлэх, өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Харин Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаасыг эдийн засгийн үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллана.