ЦЕГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 саяаар торгоно гэдэг нь худал мэдээлэл

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэнэ гэх мэдээлэл цахим орчинд өчигдөр /2023.01.02/ тарсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэнэ гэдэг нь худал мэдээлэл. Үүнийг Зөрчлийн хуулиар шийддэг”

МУ-ын их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” хууль өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйл буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудал байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй гэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар:

3.Жолооч:

  • 3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
  • 3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.