Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилох тухай Захирамжид гарын үсэг зурлаа.
Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан.
– 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх,
– 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх,
– 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер,
– 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх,
– 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга,
– 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн,
– 2016-2020 онд Сангийн дэд сайд,
– 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.