Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн.
Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн.
Монголд эмчлэгдэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэйгээр суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.
Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүллээ. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургасан юм.
Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, цээжний хөндийн мэс заслын тасгийг тусад байгуулсан.
Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг 5 хүүхдэд амжилттай хийгээд байна.
Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэн ажиллаа.
Эрүүл мэндийн яам нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаадад урсах мөнгөний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг баримтлан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, хүний нөөцийг бэлтгэн нэмэгдүүлснээр “Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалт”-аас 6 өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болсон.