Иргэдийн бүртгэлд алдаа гарсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрээр “Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. Бид И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулаагүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна.
Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье.
Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна. Таван хаягтай байгаа асуудал бол мэдээлэл солилцоо муу байгаагийн жишээ. Цаашдаа мэдээллийн интеграцыг хийх талаар анхаарч ажиллана. ХУР системийг клауд болгох талаар ажиллаж байна. Ердийн үед ажлын өдөр и-монголиа дээр 17 мянган хандалт байдаг. Өчигдөр нэг дор 300 мянган хандалт орж ирсэн. Ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй” гэв.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд буй. Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломжтой иргэдэд мессежээр мэдээлэл хүргэж эхэлсэн бөгөөд бүртгэлтэй холбоотой алдаа гарч байгааг иргэд мэдээлж байгаа юм.
Тодруулбал, E-Mongolia цэсэн дэх иргэдийн хүүхдийн тоо, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хувийн мэдээллүүд зөрүүтэй байгаа талаар мэдээлэл байгаа бөгөөд холбогдох албаныхан мэдээлэл зөрүүтэй байвал харьяа хороондоо хандаж, мэдээллээ засуулах шаардлагатай. Өрхийн мэдээллийг баг, хорооны Засаг дарга нар хийдэг. Мэдээллийн зөрүү байгаа бол төр, иргэн хоёр хамтарч мэдээллийн чанарыг сайжруулаарай. Иргэний мэдээллийг төрөөс засах ямар ч боломжгүй хэмээгээд буй.