Г.Цэцэнсанаа: Хөнгөлөлттэй эмийг сарын сүүлчээр ч авах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байгаа.

Мөн заавал сарын эхээр авах гэж бужигнах шаардлагагүй. Сарын турш хөнгөлөлттэй эмүүдийг олгож байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамныхан мэдээлсэн.

Гэвч иргэд үүнийг үгүйсгэж байгаа. Тодруулбал, хөнгөлөлттэй эм яг шаардлагатай иргэдийнхээ гарт очиж чадалгүй сарын эхээр дуусчихдаг, санхүүжилт нь дууссан гээд эмийн сангууд олгодоггүй гэх мэт гомдол маш их гардаг.

Тиймээс бид энэ талаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаагаас тодрууллаа.

-ЭМЯ-наас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийг өдөр бүр олгож байгаа гэх мэдээллийг өгсөн. Гэвч сарын эхээр олгоод бусад үед олдохгүй гэсэн гомдол гарсаар байна?

-Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ бүхий эмийн сангуудаар ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгох эмийг борлуулдаг. Үүнтэй холбоотойгоор, зарим эмийн сангуудаар худалдаж байгаа хөнгөлөлттэй эмүүд сарын эхээр дуусчихдаг гэсэн асуудал гардаг.  Энэ тохиолдолд ЭМДЕГ-ын шууд утсанд холбогдож,  аль эмийн сангийн эм дууссан байна. Аль эмийн сан нь нөөцтэй байна гэдэг мэдээллийг авах боломжтой. Ингэснээр тухайн эм нь байгаа эмийн сан руу шууд очоод хөнгөлөлттэйгээр сарын хэдийд ч авч болно гэсэн үг.

-Бүх эмийн сангуудад адилхан хэмжээгээр очдоггүй юм уу. Яагаад зарим нь сарын турш хөнгөлөлттэй эмээр үйлчилж байхад зарим нь хоёр хоноод л  дуусчихдаг юм бол?

-Эмийн сангуудад өөр өөр хэмжээтэй очдог. Учир нь тухайн эмийн сан хэчнээн төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан гэдгээсээ шалтгаалаад их, бага харилцан адилгүй эм авдаг. Тухайлбал, бага үнийн дүнгээр гэрээ хийсэн газрууд нь 1-2 хоноод дуусчихдаг гэж ойлгож болно.

-Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангуудыг гаднаас нь хараад мэдэх боломжтой юу?

-Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа. Тэдгээр эмийн сангууд гаднаа эрүүл мэндийн даатгал гэсэн самбар өлгөсөн байдаг.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын хэдэн хувь нь Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй ажилладаг юм бол?

-Яг нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Энэ талаарх мэдээллийг ЭМД-ын сангаас авах боломжтой. Гэхдээ би улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийг 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар олгож байгаа гэж сонссон юм байна.

-Хэчнээн төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой вэ?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллахдаа иргэдийн хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл хямдруулсан.

2019 онд даатгуулагчдад олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ-ийн жагсаалтыг ЭНД дарж харна уу

Эх сурвалж: Zaluu.com