Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрч байгаа агаарын хөлгийн тоо 2020-2022 онд эрс буурсан асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газар мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, “Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрч байгаа агаарын хөлгийн тоо 2020-2022 онд эрс буурсан нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болон олон улсад үүсээд буй нөхцөл байдалтай шууд холбоотой юм.
ОХУ, Украйны хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас 2022 оны хоёрдугаар сараас эхлэн ихэнх улс орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авснаар агаарын зайгаа ашиглуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү агаарын зайн хоригоос шалтгаалан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын агаарын тээвэрлэгчид манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрч байгаа бөгөөд 2022 он, 2023 оны нэгдүгээр сард Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрч буй агаарын хөлгийн тоо 2019 онтой харьцуулахад 80 гаруй хувиар буурсан байна.
Иргэний нисэхийн ерөнхий газар дээрх нөхцөл байдлаас үл хамааран агаарын тээвэрлэгчдэд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжид тулгуурласан, нисэхийн аюулгүй ажиллагааг хангасан агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж байна.” гэжээ.