Нийслэлийн прокурорын газар “Глобал удирдагч” дээд сургуульд холбогдох хэргийг хянан шалгаад, өнгөрсөн сарын 28-нд Сүхбаатар дүүргийн цагдаад шилжүүлжээ.
“Глобал удирдагч” дээд сургуульд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 9.1.5 дэх хэсэгт зааснаар буюу Боловсролын тухай хууль зөрчин хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан боловч Эрүүгийн гэмт хэргийн шинж илэрсэн тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3.2, мөн хуулийн 23.1.1 болгон өөрчилж цагдаад буцааан шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл (Залилах)-ийн 3.2 дахь хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн бол 5-12 хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйл (Хууль сахиулагчийг эсэргүүцэх)-ийн 1.1-д “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.