ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН “И”-д ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “И” нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ.

Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн “И”-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.