ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Дорноговь, Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Дорноговь аймаг БНХАУ-тай 600 км урт газраар хиллэдэг бөгөөд тус аймгийн Замын-Үүд суманд Замын-Үүд төмөр замын болон авто замын боомт, Хатанбулаг суманд Ханги авто замын боомт байрладаг. Сүхбаатар аймгийн тухайд 485 км урт газраар хиллэдэг ба тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Бичигт авто замын боомт байрладаг байна.

Эдгээр хилийн боомтын бүсүүдэд Монгол Улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх, хууль бусаар хил нэвтрэх гэмт хэрэг, Улсын хилийн тухай хууль зөрчих, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих, Гаалийн тухай хууль зөрчих зэрэг зөрчлүүд цөөнгүй гардаг.

Уулзалтын хүрээнд талууд хоёр улсын хил орчмын прокурорын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар болон хил орчим үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Ялангуяа мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар онцлон ярилцаж, энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, тухайн төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ли Жианы зүгээс Дорноговь, Сүхбаатар аймгийн прокурорын газрын төлөөлөгчдийг 2024 онд тус улсад хүлээн авч хамтарсан сургалт зохион байгуулахаас гадна уулзалтын үеэр яригдсан асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.