Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ.
Өнөөдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын даргыг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм.
Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санаачлага нь парламентат ёсны төлөвшилд шинэ соёл нэвтрүүлж буйг онцлоод хүний эрх бол нийтлэг эрх гэдгийг тэмдэглэхийн сацуу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хүний эрхийн тухай дотоодын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх үндэсний байгууллага гэдгийг тодотгов. Түүнчлэн хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хараат бусаар манлайлан ажиллахыг Комиссын нийт гишүүдээс хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.