АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДЭЭ БНСУ-Д МЭРГЭШҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр  /2023.08.09/ Иргэний барилгын инженер, технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Ким Бунг Суктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ тус байгууллагатай хамтран  К-смарт удирдлага буюу авто замын нэгдсэн менежментийн системийг хөгжүүлэх төслийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр болж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгох зорилт дэвшүүлэн, ажиллаж байгаа.

Тэгвэл төслийн хүрээнд

-К-смарт буюу ухаалаг системд суурилсан авто замын нэгдсэн удирдлагын системийг Монгол Улсын авто замын салбарт хөгжүүлэх,

-Авто замын хагарал, нүх, эвдрэлийг оношлон илрүүлэх машин, тоног төхөөрөмж нийлүүлэх,

-Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын авто замын салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх, туршлага судлууж, мэргэшүүлэх чиглэлээр тогтвортой, үр дүнтэй ажил хийхээр тогтлоо.