“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.12.20) “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл баримтлалын хүрээнд “Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг нэг мөр зохицуулах шаардлага үүсээд байна гэлээ.

Тогтоолын төсөлд дараах асуудлыг тусгажээ.  Үүнд:

– “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлэх, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх, иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах; компанийн хувьцааны 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгох гэсэн авах арга хэмжээний хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгажээ.

– Мөн Монгол Улсын Их Хурлын  2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг болон тогтоол хэрэгжиж эхлэх хугацааг тусгасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэд эзэмшснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжтой болоод зогсохгүй тус компанийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт оролцоо дээшилж, ил тод, нээлттэй компанийн засаглал хөгжихөд чухал ач холбогдол үзүүлэх болно гэж үзэж байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.