“БООМТЫН СЭРГЭЛТ” ЭДИЙН ЗАСАГТ ГЭРЭЛ НЭМЭВ

Гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар боомтын  алсын харааг тодорхойлж, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдгийг эрэлхийлж байв. Эдийн засгийн дийлэнх хувь нь эрдсийн экспорт дээр тулгуурладаг манай улсын хувьд байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ч экспортын хэмжээ 30 гаруй сая тонноор хэмжигдэж байх үед хөгжлийг дөтлөн урагшлуулах шинэчлэлийн гол хурдасгуур нь “Боомтын сэргэлт” гэдгийг Засгийн газраас зарлаж байсан нь саяхан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын алсын харааг “Боомтын сэргэлт” тэргүүлэхээр болж байна гэдэг үг тухайн үед хол сонсогдож байв. Бодлогын хүрээнд дэд бүтцийг бий болгож, экспортын боомт, гарцуудыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг өргөтгөн, экспортоо тэлэх замаар эдийн засгаа эрчимжүүлэхийг чухалчилна хэмээн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдэгдэж байлаа.

Монгол Улс автомашинаар нүүрсээ зөөх бус төмөр замаар хурдыг өртөөлөн цаг хугацааг дөтөлж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлснээр эдийн засгаа хэд дахин тэлнэ гэсэн тооцоо, судалгаанууд “Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд өрнөж энэ нь хэр хөрсөнд буух бол доо гэсэн эргэлзээ олон хүнд төрж байсан нь нуух юун. Үнэндээ далайд гарцгүй 44 улсын нэг Монгол Улс бүрэн хүчин чадлаараа худалдаагаа өргөжүүлж чадахгүй байгаа нь боомтын гарц, хөгжилтэй шууд холбоотой. Бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас бус хилийн нэвтрэх хүчин чадлынхаа нөлөөгөөр эдийн засгаа мөхөсдүүлээд байгаа нь нууц биш. Боомтоос хараат байгаа нөхцөлд бид цаашаа хөгжил ярих ямар ч боломжгүй. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газар хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, боомт,  тээвэр логистикийн асуудлыг эхэнд нь эрэмбэлсэн юм.

Монгол Улс боомтын хүчин чадлаараа дэлхийн 160 гаруй орноос 130-д эрэмбэлэгдэж байгаа. Манай улсын эдийн засгийн эргэлт ердөө 4 боомт дээр төвлөрч ингэснээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс эхлээд бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөллийг бий болгож байсан нь саяхан. Тэгвэл эдүгээ бид 9 боомтоор нүүрсээ нэвтрүүлж, өнгөрсөн онд 70 сая тонныг экспортолж эдийн засгаа тэлсэн нь боомтынхоо хүчин чадлыг хоёр дахин нэмсэнтэй холбоотой. Цаашлаад бид боомтынхоо гарцыг сайжруулчихвал 200 сая тонн нүүрс экспортлох нь энүүхэнд гэдгийг өнгөрсөн жилийн тоо баримт илтгэлээ. 2023 онд  Монгол Улс дэлхийн 160 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 24437.0 сая ам.доллар болж,  2022 оны мөн үеэс 3194.0 сая ам.доллар буюу 15.0 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 5932.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан нь боомтын үйл ажиллагаа сайжирсантай холбоотой. Эдүгээ Монгол Улс нийт 39 боомт байгаагаас 28 боомт үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс агаарын замын  6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна. Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллагаагүй байна. Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 5, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт  үйл ажиллагаа нь хэвийн явж байна.

Манай улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь уул уурхайд түшиглэдэг, эрдсийн бүтээгдэхүүн дотроо нүүрсний экспорт 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ ч утгаараа Засгийн газрын тэргүүн боомтуудыг цаг алдалгүй төмөр зам, автозам, хурдны замаар холбох ажлуудыг нэн тэргүүнд хийхээ мэдэгдсэн. Тэрбээр “Зэс, нүүрс, төмрийн хүдэр, алтны экспорт улсын төсвийн гол бүрдүүлэгч. Гэтэл Монгол Улсын экспорт зөвхөн Гашуунсухайтын боомтоор хязгаарлагдаж байгааг онцлон боомтуудаа хөгжүүлэх нь Монгол Улсын нэвтрэх чадварыг сайжруулна” хэмээн тодотгосон нь өнөөдрийн боомтыг хөгжлүүлэх эхлэлийг тавьж байж.

Үнэндээ боомт нэмэгдэж, үйл ажиллагаа нь сайжрах тусам Монгол Улсын орлогын үүд бодитоор нээгдэнэ. Боомтын хөгжлийг улсын хөгжилтэй уяж байж Монгол Улс урагшилна. Юутай ч Монгол Улс олон жил цаасан дээр төлөвлөж ирсэн стратегийн шинэ гарцуудаа бодлогоор авч явах ёстой гэсэн зөв голидролдоо орлоо гэж дүгнэж болохоор байна. Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн алсын хараа эдүгээ бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай.

2023 онд Монгол Улс 8 боомт хөгжүүлж ажиллажээ. Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтуудад боомтын авто зам, төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц гээд цогц бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Хоёрхон жилийн өмнө сумын төвийнх шиг хуучны барилга бүхий боомт эдүгээ орчин үеийн барилга техник, технологигор шинэчлэгдэн, тэр байтугай бидний төсөөлөөгүй жолоочгүй автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг хүртэл нэвтрүүлж Монгол Улсын боомт нүдэн дээр илт төрөл арилжиж эхэлсэн нь сэтгэл байвал бүх зүйл бүтдэг гэдгийг харууллаа. Боомтын шинэчлэлт, менежментийн энэхүү ажлыг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга маш богино хугацаанд гардан зохион байгуулж, хоёр жилд хийх ажлыг нэг жилд багтаан товчлон ажилласан нь Засгийн газар зөв хүнээ энд томилсныг илтгэлээ.

Өнөөдрийн байдлаар “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд  төр, хувийн хэвшлийн түншлэлээр Ханги, Булган, Бичигт, Бургастай, Баянхошуу боомтууд дээр дэд бүтцийн ажлууд үе шаттай хийгдэж байна. Хилийн боомтуудад хийгдэж буй эдгээр бүтээн байгуулалт, эдийн засгийн ач холбогдол, цаашлаад чөлөөт бүсийн зарчмаар хөгжүүлэх суурийг тавьж буй юм.

Улмаар Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улс “Транзит улс” болох зорилт тавьж, боомт дагасан хот, аялал жуулчлал, чөлөөт бүсийг хөгжүүлэхэд анхаарахаар ажилдаа оржээ. Эл бодлогын хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалууд байгуулах төслүүд багтаж буй аж. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлт сайжран, аялал жуулчлалын салбарыг дэмжих хөшүүрэг болох юм байна. Мөн эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж үзжээ.

Үүнээс гадна далайд гарцгүй Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаагаа өргөжүүлэхэд анхаарах юм байна. Боомтууд бүрэн хүчин чадлаар ажиллавал эдийн засагт томоохон цус сэлбэнэ гэдгийг эл Засгийн газар томоор харж чаджээ. Үнэндээ боомтуудыг холбосон авто зам, төмөр замын дэд бүтэц хангалтгүйгээс  бараа, бүтээгдэхүүний чанарын шаардлага алдагдах, тээвэрлэлтийн зардал өсөх зэрэг хүндрэлийг бид  туулж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал хэт өндөр тоо юм. Нөгөөтэйгүүр импортын 70 гаруй хувь нь нэг боомтоор буюу Замын-Үүдээр орж ирдэг. Тиймээс нэг боомтын төвлөрлийг задлах тусам бараа бүтээгдэхүүний үнийн асуудал хяналтад орох боломж бүрдэнэ гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байгаа. Үүнтэй зэрэгцэн Б.Тулга сайдын хийсэн нэг ажил нь  Замын-Үүд Автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх туршилт. Тэрбээр үүнд онцгойлон анхаарч буй нь тус боомтод улирлын чанартай үүсдэг урт дарааллыг халах гол хөшүүрэг болох юм.

Ийнхүү олон жил хүлээгдсэн менежмент, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлууд эхнээсээ шийдэлд хүрч гараанаас хөдөллөө. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, карго тээврийг өргөжүүлэх, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээх гарцууд бий болох нь гэж дүгнэж болохоор байна. Цаашлаад Монгол Улс тээврээр хязгаарлагдахгүй олон улсын карго тээврийг хөгжүүлж, агаарын тээврийн дамжин өнгөрөх баазыг бий болгох боломж бүрдэх нь. Нөгөөтэйгүүр бид үйлдвэрлэгч бус худалдаачин ард түмэн. Боомтын хүчин чадал тэлж, өргөжихийн хэрээр гадны улс орнуудтай хийх худалдаагаа нэмэгдүүлж, эдийн засгаа тэлж чадна. 800-гаад жилийн тэртээ Чингис хаан улс орнуудтай хийх худалдааг чухалчилж, гарах, орох гарцыг нээлттэй байлгасан тэр ухааныг  эдүгээ боомтын сэргэлтээр түүчээлэн хөгжих боломжтой. Ийнхүү Монгол Улс боомтуудаа тэлж, хөгжүүлснээр эдийн засгаа сэргээх улмаар дараагийн шат буюу аж үйлдвэржилтийг дэмжих үе рүү төвөггүйхэн шилжихэд ойрхон байна.

Б.Аз