Б.БАТХИШИГ: БООМТУУДАА ХӨГЖҮҮЛСНЭЭР ДАРААГИЙН ШАТ БУЮУ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЯРИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Ирэх долоо хоногт “Боомтын Сэргэлт Үндэсний Форум-2024”-аар Монголын хилийн боомтуудад хийгдэж буй бүтээн байгуулалт, эдийн засгийн ач холбогдол, цаашлаад чөлөөт бүсийн зарчмаар хөгжүүлэх  асуудлыг хэлэлцэх юм.  Үүнтэй холбогдуулан Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишигтэй ярилцлаа.  

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтын нэг нь Боомт хэмээн тодорхойлж, энэ хүрээнд маш олон ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.  Монгол Улсын хэмжээнд өнөөдөр хэчнээн боомт үйл ажиллагаагаа өрнүүлж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Монгол Улс нийт 39 боомт байгаагаас 28 боомт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын  6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна. Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллагаагүй байна. Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 5, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт  үйл ажиллагаа нь хэвийн явж байна.

-Боомтын сэргэлтийн хүрээнд хийж буй дэд бүтцийн чанартай бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөж байна вэ?

-Хилийн боомтын бүтээн байгуулалтын хүрээнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг боомтод  авто зам, төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц зэрэг цогц бүтээн байгуулалтыг өрнүүллээ.

Тодруулбал, БНХАУ-тай хиллэж буй байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос 4 боомтод боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Харин 2024 оноос Цагааннуур, Хавирга, Булган боомтуудад бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулалтыг  шийдвэрлээд байна.

Одоогийн байдлаар Замын-Үүд болон Боршоо боомтын цогц бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан. Харин Гашуунсухайт болон Алтанбулаг боомтуудын барилга угсралтын ажил буюу бүтээн байгуулалт ид өрнөж байна. Цагаандэл-Уул боомтын зураг төслийн ажил дуусч, энэ оны 4 дүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зэхэж байна. Мөн Шивээхүрэн болон Ханх, Хавирга боомтуудын бүтээн байгуулалтын нарийвчилсан зураг төсөл дуусах шатандаа явж байгаа. Улмаар Бургастай, Арцсуурь, Эрээнцав, Баянхошуу болон Сүмбэр боомтуудын нарийвчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна.

Замын-Үүд боомтын хувьд  барилга угсралт болон зорчигч тээврийн цогцолборын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн 1, 4 дүгээр хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 23-нд ашиглалтад оруулсан. Мөн Боршоо боомтын бүтээн байгуулалт 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2023 онд ашиглалтад оруулж ажиллав. Түүнчлэн Бичигт боомтын авто зам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажил 2023 онд эхэлж ажлын явц ачаа, зорчигч тээврийн барилга байгууламж 5 хувь, боомтын авто замын барилга байгууламж 25 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Өнгөрсөн онд Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг Монгол Улс Хятадын талтай хамтран амжилттай зохион байгууллаа. Дээрх боомтууд цаашид 24 цагаар ажиллах уу. 24 цагийн горимд шилжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

– Монголын талаас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох  хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн. Хятадын талтай тохиролцсоноор өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг амжилттай зохион байгууллаа. Туршилтын хугацаанд тус автозамын боомтоор нийт 4 орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн. Хилийн хяналтын байгууллагуудад шалгалтын техник, тоног төхөөрөмжийн хувьд хүндрэл, бэрхшээл тулгараагүй. Манай зүгээс Замын-Үүд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлсэн, хариуг хүлээж байна. Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах боломжтой. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.Тээвэрлэлт хийсэн жолооч нарын төлөөллөөс түүвэрлэн судалгаа авахад 90 хувь нь 24 цагаар ажиллах нь зөв цаашид 24 цагийн горимоор ажиллуулахыг дэмжиж байна гэсэн хариултыг өгсөн.

Монгол Хятадын хилийн боомтын менежментийн тавдугаар хуралдаанаар боомтын  хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон. Тус хуралдааны хэрэгжилт ямар түвшинд явна вэ. Дараагийн хурлыг хаана хийхээр төлөвлөв?

– Монгол Хятадын хилийн боомтын менежментийн тавдугаар хуралдаанаар хүрээнд нийт 42 асуудлыг хэлэлцэж 33 асуудал дээр санал нэгдэн протоколд тусгасан.

Тус хуралдаанаар хоёр улсын боомтын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хороо БНХАУ-ын Үндэсний Боомтын захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Протоколын хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Монгол Хятадын хилийн боомтын менежментийн зургаадугаар хуралдааныг 2024 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд хэлэлцэж байна

 

Талууд Засгийн газар болон гаалийн байгууллага нягт холбоотой ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг сайжруулах, Ханги-Мандал боомтоор химийн аюултай бодис нэвтрүүлэх талаар судлахын зэрэгцээ нөхцөл бүрдсэн бусад боомтуудыг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Мөн дээрх  хуралдаанаар зарим боомтын ажиллах цагийн хуваарийг сунгах, хилийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэхэд анхаарч ажиллахаар болсон юм.  Энэ хүрээнд Замын Үүд- Эрээн боомтыг энэ онд 24 цагийн ажиллагаатай болгох үнэлгээг хийх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон Хөх хотын гаалийн газар, Өвөр Монголын шалган нэвтрүүлэх Ерөнхий боомтод даалгасны дагуу 24 цагийн горимд шилжүүлэх туршилтыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Бичигт-Зүүн хатавч боомтын ажиллах цагийн хуваарийг судлан үдийн цайны цаггүй ажиллуулах урьдчилсан үнэлгээг ажлын хэсэг гаргахаар тохиролцсон. Улмаар Булган-Такашикэн боомтын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хоёр улсын хууль ёсны амралтын өдрүүд, Бямба, Ням гарагт зорчигч болон ачаа тээврийг нэвтрүүлэх, өвөл, зуны ялгавартай хуваарь хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон.

 

-Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын хөгжлийн төлөвлөлтийг та бүхэн хэрхэн хийж байна вэ?

Боомтыг хөгжүүлэх төлөвлөлт нь дан ганц Монгол Улсын нөхцөл байдлыг судлах бус, харин дэлхийн болон бүс нутаг, хөрш орнуудын эдийн засгийн харилцааг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Иймд боомтын хөгжлийн төлөвлөлтийг гадаад талд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон хөрш орны бодлого төлөвлөлттэй уялдуулах шаардлага бий. Боомтын асуудал бол нэг талаас хөрш орны бодлого төлөвлөлттэй нөгөө талаас Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлттэй уялдах ёстой. Энэ ажлын хүрээнд бид хилийн 4 боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, 6 боомтын хэсэгчилсэн төлөвлөгөөг энэ ондоо багтаан хийж дуусгахаар холбогдох ажлыг гүйцэтгэж байна. Хөрш орны боомтын хөгжилтэй ижилсүүлэх, бодлогын уялдааг хангах үүднээс Хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг олон улсын тендер зарлан гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Боомт нь зөвхөн дэд бүтэц, түүнийг тойрсон газар төдийхнөөр ойлгох ойлголт биш юм. Бусад улс орнууд боомтыг ачаа тээврийн эргэлтийг зохицуулах зорилго бүхий томоохон эдэлбэр газар бүхий хот, суурин, улс гэдгээр хөгжлөө тодорхойлж хөгжиж байна. Монгол Улс боомт дагасан хот, аялал жуулчлал, чөлөөт бүсийг хөгжүүлэх нь чухал хэмээн Засгийн газар үзэж сэргэлтийн ажлыг шуурхай эхлүүлэн ажиллаж байна. Боомтуудаа хөгжүүлж тэлснээр дараагийн шат буюу аж үйлдвэржилтийг ярих боломж бидэнд бүрдэнэ гэж харж байна. Цаашлаад эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар эрс дээшилнэ. Чөлөөт бүсийн хөгжлийн суурь болох дэд бүтцийн ажлыг бид урагшлуулж байна.