Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагуудын хашаа шар усны үерт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн газрын нийт 32 ажилтан, албан хаагч, 13 нэгж, техниктэй Хөлийн голын орчимд 2м өргөн, 600м суваг, шуудуу татаж, голдирлыг өөрчлөн урсацыг нэмэгдүүллээ.

Тухайн байршилд 30 гаруй айл, өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, тусгай зориулалтын чанга яригчтай автомашинаар хөдөлгөөнт сурталчилгаа хийж шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж, 8 айлыг нүүлгэн шилжүүлж, 2 өрхийн 8 иргэнийг /6 хүүхэд, 2 том/ “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулсан.

Тус дүүргийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг ус соруулах зориулалттай 2 автомашинаар соруулж, 40 гаруй тонн усыг зөөвөрлөсөн. Хонхор өртөөний төмөр замын нүхэн гарцаар шар усны үерийн ус урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: НОБГ