Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.
Мөн шуурхай зөвлөгөөнд “Бохир усны Туул-1” коллекторын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бохир усны Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан. Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 19.3 км шугамыг угсарсан байна. Тус байгууламжийн ажлыг түргэвчлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хэллээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,
-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,
-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,
-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,
-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС