Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.19) хуралдаан 10 цаг 38 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Хуулийн төслийн гол зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн ойлголт бүхий л салбарт мөрдөгдөж байгаа боловч Монгол Улсын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт нь хангалтгүй байна. Санхүүгийн хэрэглэгчийн судалгааг Улаанбаатар хот, 20 аймгийн 3527 иргэнд санамсаргүй түүврийн аргаар хийхэд, судалгаанд оролцогчдын 50 хувь нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авч чаддаггүй гэсэн бол гурван хүн тутмын нэг нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй тулгарч байсан гэсэн хариулт өгсөн байна. Хуулийн төслийн нэг зорилго нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, нөгөө талаас хэрэглэгч нь өөрт тохирсон үйлчилгээ авахдаа санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, гомдол маргааныг мэргэшсэн байгууллагуудаар хурдан шуурхай шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Мэдээлэл хийгээд үндсэн эрхээ хамгаалуулсан хэрэглэгч нь санхүүгийн салбарт санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх гол хүчин зүйл болоод зогсохгүй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл муутай иргэдээс ашиг хонжоо олох бус, үйлчилгээний чанар чансаагаар өрсөлдөхөд түлхэц болох юм.
Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгчийн мэдлэг, боловсрол дээшилснээр өөрт тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх, ирээдүйд үүсэх санхүүгийн хямралаас өөрийгөө хамгаалах чадвартай болно. Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг зөв тогтоосноор шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх, санхүүгийн байгууллагын урт хугацаанд тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Чинзориг, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь соён гэгээрүүлэх тунхагийн шинжтэй байгааг анхаарч, банкууд зээлийн хүү, торгуулиа түрүүлж авч, үндсэн зээлээс хасалт бага хийснээр иргэдийг санхүүгийн дарамтад оруулдгийг онцолж байлаа. Нөгөөтэйгүүр, банк бус санхүүгийн байгууллага, ломбардад нийтдээ 30 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байгааг онцлоод иргэд мөнгөө хөрөнгийн зах зээлрүү оруулж эргэлдүүлэх бус хадгаламжийн хүү өндөр байгаа тул мөнгө хүүлэх сонирхолтой болсонд зохицуулалт хийх шаардлагатай гэв. Түүнчлэн банкны бүтээгдэхүүний түвшинд зохицуулалт хийж хэрэглэгчийн эрхийг нь хамгаалж, асуудлыг өргөн хүрээнд харж, санхүүгийн бүх секторын асуудлыг төсөлд тусгах шаардлагатай байна гэж байлаа.
Ингээд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар заасан. Энэ дагуу Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, тухайн салбарын хувийн хэвшлийн байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангуулсан бөгөөд тухайн чиглэлээр хэд, хэдэн удаагийн хурал, уулзалтыг зохион байгуулах болон цахим вэб хуудсанд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч, хуулийн төсөлд тусгасан боловсруулсан гэж байлаа.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, орон сууцны ашиглалт хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээ, эрх, үүргийг шинээр тодорхойлох, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хангах боломжтой болно. Мөн иргэд, олон нийтэд хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжтой болж, сууц өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилго нь орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар сууц өмчлөгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг төрөөс хангахтай холбоотой харилцааг зохицуулахад чухал ач холбогдолтой хэмээн дурдсан байлаа.
Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд гэр хорооллын амины орон сууцыг хамруулсан эсэх, хууль батлагдсанаар газрын үнэлэмж өсөх талаар лавлаж байлаа. Мөн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад авч байгаа арга хэмжээ, орон сууцны ашиглалтыг мэргэжлийн байгууллагад харьяалуулах талаар илүүтэй сонирхож байлаа.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, хуулийн төсөлд орон сууц гэдэгт гэр хорооллын амины орон сууц хамаарч байгааг тодотгоод салбарын яамны зүгээс нийслэлийн 50 байршилд дэд бүтцийн төв байгуулахаар болсныг дурдав. Түүнчлэн дэд бүтцийн хангамжтай болсон байршлуудад газрын үнэлэмж нэмэгдэнэ. “150 мянган айл орон сууц үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан дэд бүтцийн хэсэгчилсэн төвийг байгуулснаар 12-15 мянган айл инженерийн шугам сүлжээнд холбогдоно гэж тооцсон гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, улсын хэмжээнд 1064 СӨХ, 130 гаруй мэргэжлийн байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон бусад өргөдөл, гомдол шийдвэрлэдэг байгууллагуудын дүн мэдээллээс үзэхэд 1000 гаруй гомдол, хүсэлтийн гуравны нэгийг СӨХ болон орон сууцны ашиглалттай холбоотой маргаан эзэлж байна. Үүнээс бид орон сууцны ашиглалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулахаар тусгаж өгөх шаардлагатай гэж үзсэн гэв.
Ингээд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.