УИХ, Европын парламентын XIII уулзалтад оролцов

Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт 12 дугаар сарын 12-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болж өндөрлөв.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын Монгол, Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло тэргүүтэй Европын парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын XII уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцов.

Европын парламентын зүгээс Европын холбоо, түүний гишүүн орнуудын зүгээс Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг талархан дэмжиж байдгаа тэмдэглэж, манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, тэдгээрийг зохицуулж буй хууль тогтоомжуудын тогтвортой байдал нь үүнд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв.

Мөн хоёр тал энэ онд Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө,  хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн нийгэм зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан бүхий л чиглэлд хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшаав.

Монгол Улсын Их Хурлын Монгол, Европын парламентын бүлэг болон Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг бэхжүүлж, цаашид хоёр ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт шийдвэр төгс байгаагаа илэрхийлж, уулзалтын дүнгээр хамтарсан дүрст мэдэгдэл хийв.

ЭХ СУРВАЛЖ: УИХ