Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээ UG Arena-д эхэллээ.

Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.

Мөн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” сэдвээр салбар хуралдаанууд болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагч нарт баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил дэвшүүлсэн санаачилгын хүрээнд сувилагчдыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлзүйн ур чадварыг сайжруулах зорилготой “Сувилагчийн хөгжлийн төв” байгуулах хөрөнгийг  шийдвэрлэснийг онцоллоо.

Сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, анхан шатлалд эмч, сувилагчийн харьцааг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгааг хэллээ.

Мөн энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх, сувилагч мэргэжлийн үнэлэмжийг өргөх болон “Эрүүл монгол хүн”-ий төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага, манлайлал, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах зорилгоор 2023 онд 17 нэр төрлийн цогц ажил хийсэн байна.

Тухайлбал 200 гаруй сувилагч, эх баригчийг хилийн чанадад сургалтад хамруулж, сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварын таван бүлэг цогц чадамж боловсруулан хэрэгжүүлж, түгээмэл үйлдлийн 29 стандартыг шинэчлэн, сувилагчдын цалинг 2023 онд дунджаар 45, энэ онд 20 хувиар нэмжээ.

Дэлхий нийтээр энэ өдрийг “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд “Сувилагч танаараа бахархъя – 2024”-д 2,500 гаруй хүн оролцож байна.