Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 8 дугаар сарын 15-ны өдөр улаанбурхан өвчний сэжигтэй 4 тохиолдол бүртгэгдэж, шинжилгээг 16-ны өдөр Улаанбаатар хотод ХӨСҮТ-д явуулсан. Улмаар өнөөдөр буюу 8 дугаар сарын 18-ны өдөр дээрх 4 тохиолдол тус өвчнөөр өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан тул ард иргэдэд дараах зөвлөгөө, мэдээлэлийг өгч байна.
Улаанбурхан нь амьсгалын замаар буюу агаар дуслаар халдварладаг, халдварлуулах чадвар туйлын өндөртэй вирусийн халдварт өвчин юм. Шинж тэмдгийн хувьд цочмог байдлаар өндөр халуурах (39-40), цочромтгой ууртай болж ерөнхий хорлогын шинж тэмдэг илрэнэ. Дэс дараалсан, үечилсэн, дээрээс доошоо чиглэсэн том, толбо-гүвдрүүтэй, тод улаан өнгөтэй туурал гарна. Нүүрнээс эхлэх тууралт гарч эхлэхээс өмнөх 4 хоног (энэ хооронд өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй явж байж болно), туурч эхэлснээс хойш 4 хоногийн хугацаанд халдварыг бусдад тараах оргил үе нь байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд өглөөд хүүхдийнхээ амыг ангайлгаж цагаан юм салстад гарсан эсэхийг анзаарах хэрэгтэй.
Тус өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол дархлаажуулалтанд бүрэн хамрагдах.
Манай улсад товлолын дархлаажуулалтын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг вакциныг улаанууд, гахайн хавдрын эсрэг вакцины хамт хүүхдэд 9 сар, 2 настайд нь тус тус хийдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ товлолт вакциныг бүрэн хийлгэсэн эсэхээ тодруулж, вакцинд хамрагдаагүй бол харьяа өрх, сумын ЭМТ-д хандаарай. Бүрэн тунгаа хийлгээгүй, халдварын эсрэг дархлаагүй бага насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр. Хүүхэд гэлтгүй, өмнө нь өвчилж байгаагүй, вакцинд хамрагдаж байгаагүй, эсхүл бүрэн тунг хийлгээгүй насанд хүрэгчид ч халдвар авах эрсдэлтэй.
Мөн иргэд хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газар амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Эрүүл Мэндийн Газар