Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.08.30/ болж, ирэх 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн тухай хуулийн шинэчлэлтээр:
- Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долдугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
- Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
- Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх өөрчлөлтүүдийг хийсэн.
Есдүгээр сарын 1 Ням гаригт таарч байгаа тул Засгийн газар хуульд зааснаар өнөөдөр УИХ-д 2025 оны төсвийн төслийг өргөн барих ёстой юм.
Харин УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Парламентын сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулагдсан тул 2024 оны төсөвт тодотгол оруулж, зарлагыг гурван их наядаар нэмснийг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн. Гэхдээ ямар ч байсан 2024 оны төсөвт тодотгол оруулснаар УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийх юм.