Өнгөрсөн Баасан гаригт Захиргааны хэргийн шүүхэд “Шинэхэн групп”-ын нэхэмжлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариуцагчаар татагдсан хэргийн шүүх хурал болох байсан ч хойшилжээ.
Учир нь Шинэхэн группээс нэхэмжилж буй 25 тэрбум төгрөгийг БОАЖЯ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилох шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Гэвч “Шинэхэн групп” дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилуулна хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Шинэхэн групп”-ын гомдолыг хэлэлцээд хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг нь хүлээж авсанаар шүүх хурал хойшилжээ.
Сануулахад: 2016 онд МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус уулзалтын хурлыг зохион байгуулах “Үндэсний хурлын танхим, Зочид буудлын цогцолбор”-ыг Их тэнгэрийн аманд бариулахаар Ч.Сайханбилэгийн засгийн газар 2016 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалттай их тэнгэрийн аманд “Шинэхэн групп”-т газар олгосон байдаг. “Шинэхэн групп”-т газар олгосон тогтоолыг 2016 онд хүчингүй болгосон.
Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргаж Шинэхэн групп тус газарт барьж байсан бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөө ийнхүү БОАЖЯ-наас нэхэмжлэж байгаа юм.
Тэгвэл тус компани хэнийх вэ. Компаний хувь эзэмшигчээр Ч.Амарбаатар гэх хүний нэр бүртгэгджээ. Ч.Амарбаатарыг Барс худалдааны төвийн эзэн гэдгээр нь бид аль хэдийн таньдаг болсон. Тэгвэл тэрээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байжээ.
“Шинэхэн групп” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Сансар нь 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, дэд дарга, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд мөн Ч.Сайханбилэгийн туслах байсан нэгэн аж.