Зорчигчтой автобус шатсан осол өчигдөр /2024.10.09/ гарсан байна. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр орой 18 зорчигчтой автобус шатаж байсныг онцгой байдлын албан хаагчид унтраажээ.
Онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар тодруулахад, хүний амь нас эрсдээгүй. Яаралтай эмнэлгийн тусламж авсан хүн байхгүй. Онцгой байдлын газрын мэдээлснээр галын дуудлага өчигдөр 23:30 цагт бүртгэгдсэн.
Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатараас Улаан-Үүд хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Universe” загварын 45 хүний суудалтай зорчигч тээврийн автобус бүрэн шатаж байсныг 47 минутад унтраасан гэв.
Автобус ямар шалтгаанаар шатсан шалтгаан нөхцөлийг шинжээчид тогтоох аж. Тиймээс орон нутаг руу болон холын замд зорчих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.