Монгол – БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан Сөүл хотноо эхэллээ.
Хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кан Ин Сон холбогдох яам, байгууллагын албаны хүмүүстэй оролцож байна.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэг гүйцэтгэх юм байна.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой юм.