ТРАМП, ШИ ЖИНЬПИНИЙ ХУДАЛДААНЫ ДАЙН ХААНА ХҮРЧ ЗОГСОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

АНУ-ын зүүн эргийн цагаар өчигдөрийн шөнийн 24 цагаас эхлээд Трампын Хятадын бараанд тогтоосон импортын татварын шинэ бодлого хэрэгжиж эхэллээ.
Эргэн сануулахад 2017-2021 оны хооронд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадын барааны импортын татварыг 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Харин хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлээд удалгүй энэ оны 2 сарын 1 болон 3 сарын 3 нд Трамп Хятадын бараанд тус бүр 10 хувийн импортын нэмэлт татвар тогтоосон. Нэмээд 4 сарын 5 нд АНУ-д худалдааны алдагдал үүсгэдэг дэлхийн бүхий л улс орны эсрэг 10 хувийн ердийн татвар оногдуулсан. Ингээд Хятад АНУ руу худалдаа хийхийн тулд 54 хувийн импортын татвар төлөхөд хүрээд байв. Энэ байдалд Хятад дургүйцлээ илэрхийлж АНУ-ын бараанд 34 хувийн импортын татвар тогтоох шийдвэр гаргав. Гэвч Бээжингийн шийдвэрийг Трамп эсэргүүцэж дахин 50 хувийн татвар нэмснээр Хятадын бараанд Вашингтон 104 хувийн татвар тогтоосон. Ши Жиньпин Трампад бууж өгөхгүй гэдгээ харуулахын тулд импортын татвараа Трамптай адилаар 50 хувиар харилцан нэмж 34 биш 84 болгож хувиргав. Трамп мөн л зөрүүдэлж дахин 25 хувийн импортын татвар тогтоосноор Хятадын бараанд тогтоосон АНУ-ын импортын татвар 125 хувь болоод байна. Өөрөөр хэлбэл Хятад 1000 америк долларын барааг АНУ-д экспортлохын тулд 1250 америк долларын импортын татвар төлөх хэрэгтэй болж байна. Ингэснээр хоёр улс худалдаа хийх бараг боломжгүй болж эхэлж байна. Хэрэв худалдааг өнөөдрийн тогтоосон татвараар хийхэд хүрвэл барааны үнэ асар өндөр болоход хүрнэ.
Одоогоор Трамп, Ши нарын сөргөлдөөн маш хурц үедээ явж байна. Хэлэлцээ хийж харилцан буулт хийх дүр зураг хоёр талд одоогоор алга байна. Бодит байдал дээрээ аль аль нь буулт хийж, худалдааны маргаанаа эцэслэхийг хүсэж байгаа ч дэлхийн хоёр том эдийн засгийг жолоодогч Трамп, Ши нар олон улсад өөрсдийгөө хүчтэй гэдэг амбицаа хадгалахын тулд тийм амархан буулт хийхгүй байх байр суурийг баримталж байна.
Ийнхүү хоёр улс худалдааны маргаанаа шийдэж чадахгүй бол дэлхийн худалдаа, эдийн засагт томоохон дарамт учирна гэж шинжээчид харж байна. Тиймд ямар нэгэн байдлаар талууд заавал энэ асуудал шийднэ гэсэн хүлээлт дэлхий дахинд байгаа ч яг хэзээ, яаж, хэрхэн хэлэлцээ хийж тохиролцох вэ гэдэг цаг хугацаа шаардах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: https://edition.cnn.com/2025/04/10/business/us-trade-war-china-escalation-analysis-intl-hnk/index.html

https://apnews.com/article/china-response-us-tariffs-104-d40d497f6e07ee4163d88443cb75ab3f