ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ АЛАН ХЯДАГЧ НАРЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ БӨМБӨГДӨВ

Энэтхэг Пакистан болон Пакистаны захиргаанд байдаг Кашмир дахь “алан хядагч нарын дэд бүтэц”-д агаарын цохилт өглөө. Харин энэ үйлдлийн эсрэг Исламабад хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэтхэгийн Батлан хамгаалах яамны хийсэн мэдээллээр тус улсын зэвсэгт хүчин орон нутгийн цагаар өнөөдөр шөнө буюу Лхагва гарагийн шөнийн 01 цаг 30 минутын үед Пакистаны алан хядагч нарын 9 объектод агаарын цохилт өгсөн гэж мэдээлжээ.
Пакистаны хяналтад байдаг Кашмир болон Пакистаны зүүн бүс нутгийн Пенжаб мужийн зургаан байршилд Энэтхэг агаарын цохилт өгснийг Пакистаны армийн мэдээллээ.
Пакистаны армийн өгсөн мэдээллээр Энэтхэгийн халдлагын улмаас найман хүн амиа алдсаны нэг нь бага насны хүүхэд байсан байна. Найман хүний амь эрсдээд зогсохгүй 35 хүн шархадсан гэж мөн мэдээлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирт зэвсэгт этгээд Энэтхэгийн дотоодын жуулчид руу халдлага үйлдэж, 26 хүн амиа алдсанаас хойш Энэтхэг, Пакистан гэх хоёр хөршийн хоорондын харилцаа хурцадмал байдалд ороод байна аа.
Энэтхэг Пакистаныг Кашмирт болсон энэхүү террорист халдлагад оролцсон гэж буруутгаж байгаа бол харин Пакистан Энэтхэгийн мэдэгдлийг эрс үгүйсгэж байгаа билээ.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф Исламабад хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа.
Тэрээр Пакистан улсын зэвсэгт хүчин алан хядагч дайсануудтай маш хатуу тэмцэж байгааг бүгд мэдэж байгаа гэтэл Энэтхэг ийм болшимгүй үйлдэл хийж дайн өдөөж, дайны үйл ажиллагаанд Пакистаныг татан оруулж байгаад манай улс зохих хариуг өгөх эрхтэй гэж хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч НҮБ-ын тэргүүн хилийн хяналтын шугам болон олон улсын хилийг ноцтой зөрчиж цэргийн ажиллагаа явуулж буй Энэтхэгийн үйлдэлд маш их санаа зовж байгаагаа илэрхийлж байгааг анхааруулжээ.