УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэн, чуулганы хуралдаанаар 2025 оны тавдугаар сарын 8-нд томилсон. Тэрбээр 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байсан билээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.8 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 66 сая төгрөг гэж 2023 онд мэдүүлсэн байна.
Харин гурван нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай бөгөөд нийт 857 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн “Mazda” маркийн суудлын автомашинаа 75 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 263 сая төгрөгийн үнэтэй 108 адуу, 12 хурдан удмын адуу, 20 үхэр, 50 хонь, 130 ямаатай гэнэ. Үүнээс гадна хоёр эзэмших болон нэг өмчлөх эрхтэй гурван газраа 30 сая төгрөгөөр үнэлсэн бол 55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Дотоодын банкинд 97 сая төгрөгийн хадгаламжтай, 29 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй байна.
С. Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.