ЗАЛУУ НЭР ДЭВШИГЧ ЛИ ЖУН СОК ЭРХ БАРИГЧ НАМЫН САНАЛААС ТАТГАЛЗАВ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Иргэний хүч намаас нэр дэвшиж буй Ким Мун Сүгийн саналыг хувааж сонгуульд ялагдуулахад хүргэх өрсөлдөгч бол мэдээж Өөрчлөлт шинэчлэлт намаас нэр дэвшигч Ли Жун Сок юм. Тийм учраас Иргэний хүч нам түүнийг нэрээ татаж, Ким Мун Сүг дэмжихийг ятгаж байгаа.
Харин Ли Жун Сок Иргэний хүч намын саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ.
Судалгаагаар Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён харьцангуй өндөр рейтенгтэй хошуучилж байгаа ч сонгууль болоход 11 хоногийн зай байгаа энэ үед Иргэний хүч нам ялж болох бүхий боломжийг эрэлхийлэх нь дамжигүй. Ийм учраас улс төрийн үзэл баримтлалын хувьд илүү ойр ижил төстэй Өөрчлөлт шинэчлэлт намын дэмжигчдийн саналыг өөртөө эргүүлэхийг хүсэж байна.
Учир нь энэ хоёр нам хоёулаа консерватив үзэл баримтлалтай, хувийн хэвшлийг илүүтэй дэмжиж, төрийн зохицуулалтыг багасгах, татварын дарамтыг бууруулах, чөлөөт худалдаа, өрсөлдөөнийг дэмжих гэсэн эдийн засгийн бодлогыг түлхүү явуулах, илүү хүчтэй батлан хамгаалах бодлого баримталж байж үндэсний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа хангана гэж үздэг. Мөн Умард Солонгосын талаар хатуу бодлого баримталдаг зэргээрээ маш төстэй учир нь энэ хоёр намын үүсэл гарал нэг хэдийгээр нэг нам байгаад салаагүй ч гэсэн улс төрийн дотоод зөрчлөөс болж салсан фракц, бүлэглэлүүдээс бий болсон гэж ойлгож болно. Тэгэхээр Иргэний хүч намын саналыг хамгийн ихээр хуваах өрсөлдөгч бол мэдээж Өөрчлөлт шинэчлэлт намаас нэр дэвшигч Ли Жун Сок юм.
Ли Жун Сокын хувьд 40 настай залуу улстөрч учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа зорилго нь ялахдаа биш улстөрийн нэр хүнд орон зайгаа сонгуулийг ашиглаж өсгөх зорилготой. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш түүний рейтенг өссөөр байгаа. Хамгийн сүүлийн судалгаагаар үндэсний хэмжээнд түүний рейтенг 10 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс тэрээр ийм рейтенгтэй байж нэрээ татаж, Иргэний хүч намын нэр дэвшигчийг дэмжих нь утгагүй гэж үзжээ.