Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд 1 хүүхэд, 1 эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлага өчигдөр буюу 06.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн 9 настай хүүг Сэлэнгэ мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живжээ.
Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олжээ.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Дэхт” гэдэг газар “Хэрлэн” голд 1 хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн харьяат иргэн 42 настай, эмэгтэй нас барсан байдалтай “Хэрлэн” голын усанд байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Гол, үер усны аюулаас сэрэмжилж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, усанд эндэх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Эх сурвалж: ОБЕГ