Монгол Улс 2019 онд 152 улстай худалдаа хийжээ

 

Монгол Улс 2019 онд нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум америк доллар, импорт 6.1 тэрбум америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 (6.7%) сая америк доллар, үүнээс экспорт 608.0(8.7%) сая америк доллароор, импорт 252.6 (8.0%) сая америк доллароор тус тус өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувиар өссөн байна.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард өмнөх оны эцсээс 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь (мах, махан б

үтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 16.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.4 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 (11.1%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 351.8 (10.5%) тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 156.5 (15.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлөв.

Улсын хэмжээнд 2019 онд бүх төрлийн тээврээр 69.0 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 1.2 (1.7%) сая тонноор өсжээ. Энэхүү өсөлтөд төмөр замаар тээсэн ачаа 2.4 (9.2%) сая тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр (давхардсан тоо) 173.0 сая хүн зорчиж, өмнөх оны мөн үеэс 24.0 (12.2%) сая хүнээр буурсан байна.