Монгол Улсын орчин цагийн хэлмэгдүүлэлтэд хуульчдыг, хуулийн салбарынхныг маш ихээр ашигладаг болсныг хуульч Б.Мэргэн хэллээ. Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын зүгээс нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилж буйгаа зарласан явдлыг Үндсэн хуулийн зөрчил төдийгүй байж боломгүй кейс гэдгийг хэллээ. Энэ тухайд тэрбээр “Хууль зүйн сайд бодлого л тодорхойлох ёстой хүн. Бодлогоороо дамжуулаад гэмт хэргийг бууруулж, иргэдийн эрх чөлөөг хамгаалах ажил хийх ёстой. Харин хэрэг дотор орооцолдоод явдаг хүн биш. Хэргийн материалтай ч танилцах эрх байхгүй. Гэтэл Хууль зүйн сайдаар “Чи энэ хэргийг шийд” гэж томилно гэж байхгүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалд ч нийцэхгүй” гэлээ. Түүнчлэн тэрбээр үүнд сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлээд хэн нэгэнд зохиомол хэрэг үүсгэж, харлуулан гүтгэх ажиллагаа ямар байдлаар өрнөдөг талаар ярилаа. “Манай салбарын хувьд сүүлийн арваад жилд нөхцөл байдал улам хүнд болоод байна. Учир нь улстөрчдийн гар хөл, улс төр хийх хэрэглүүр нь хууль зүйн салбар болчихоод байна л даа. Ямар нэгэн зорилгоор эсрэг талын, эсвэл бүр нам дотроо хэн нэгэн улстөрчийг намнах шаардлагатай болбол зохиомол хэрэг үүсгэдэг байдал газар авсан. Ингэхдээ эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буюу сошиал орчинд тухайн хүнийг буруутгасан буюу тархи угаасан мэдээллийг зорилготойгоор цацдаг буюу суурийг нь бэлддэг, зарим тохиолдолд инфлеюнср гэх хүмүүсээр лайв буюу шууд дамжуулалт хийлгэдэг. Өнөөх нь “Тэр улстөрч ингэж мөнгө идэж, авлига авсан гэж байна шүү дээ” гээд л гараад ирдэг. Ингээд маргаашнаас нь хууль сахиулах байгууллагаас тухайн нэр дурдагдсан хүмүүсийг дууддаг байх жишээний. Ингэхдээ буруутгаж, хэрэг тохох гэж байгаа үндсэн асуудлаараа биш, өөр жижиг гэж хэлж болох асуудлаар эхлээд хэрэг үүсгэдэг, яллагдагчаар татдаг, нэгэнт яллагдагчаар татсан учраас тухайн хүний орон гэр, ажлын байранд үзлэг нэгжлэг хийх боломж нь бүрддэг. Ингэж үзэж, нэгжих явцдаа хэлмэгдүүлж болох ямар нэгэн баримтуудыг олж авдаг. Ингээд анх үүсгэсэн хэргээ мартдаг, цоо шинэ хэрэг гаргаж ирдэг” гэдгийг ярьсан юм. Түүний хэлснээр магадгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан хэрэг дээр ч хэрэг үүсгээд тэндээсээ дамжиж дараагийн асуудал руугаа ордог технологи бий болсон гэлээ. Нэгэнт нийгмээс буруутгах бүх сууриа бэлдчихсэн учраас нийтэд таалагдах байдлаар шүүхээс ял өгдөг, ийм байдал руу ороод 8-9 жил болж байна. Нөгөөтэйгүүр зохиомол түүхүүд, тархи угаалтад иргэд амархан автаад итгээд шууд л “Цаазла, дүүжил” гээд тоглоомынх нь нэг хэсэг болоод яваад байна. Шүүхэд нөлөөлөх нь гэмт хэрэг шүү дээ. Авлига өгөх, албан тушаалын байдлаараа нөлөөлөх, айдас хүйдэст автуулах байдлаар нөлөөлөх тохиолдол бий. Зохион байгуулалтайгаар иргэдийг турхирах нь ч мөн гэмт хэрэг. Олны анхаарал татсан хэрэг дээр поркуророос цагдан хорих санал ирүүллээ гэхэд шүүх цагдан хорих үндэслэлгүй, магадгүй гэмт хэрэг хийгээгүй гээд тогтоогдчихыг үгүйсгэхгүй. Тэгээд шүүхээс цагдан хорихгүй гээд шийдчихэд тэр даруйд тэр шүүгчийн зурагтай авлига авсан гэсэн мэдээлэл яваад эхэлдэг. Тэгээд маргааш нь Ерөнхий шүүгч нь цагдан хорьж байгаа юм. Шүүгч ч гэсэн хүн шүү дээ. Нийгмийн нөлөөлөлд автаж, олноос айгаад хорьдог байж болохгүй гэдгийг хэллээ.