УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчид ээлж дарааллан тодорсоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга АН-аас нэр дэвшиж чадахгүй болсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн “Ахмадын холбооны” гэдгээрээ олны танил болсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өнөөдөр албан ёсоор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Г.Баасанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгсөн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвших нь тодорхой боллоо. Тус тойрогт МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших сураг бий. Тэгвэл АН-аас тэдэнтэй өрсөлдөх хүмүүсийн нэг нь Г.Баасан болох нь.
Харин Г.Уянгын хувьд тэрээр АН-аас нэр дэвших болзолыг хангасан ч 100 сая төгрөг тушааж чадахгүй 60 сая төгрөг дутжээ. Тийм учраас намын дарга С.Эрдэнэ түүнийг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн талаар тэрээр цахим хуудастаа нийтлэв. Г.Уянгын хувьд өмнө нь МАХН, МҮАН-ын “Шударга Ёс’ эвслээс УИХ-д сонгогдон гишүүнээр сонгогдож дөрвөн жил ажилласан туршлагатай улс төрч юм. Мөн тэрээр Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын “Иргэний эвсэл’-ээс нэг, бие дааж нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл’ эвслээс тус тус нэр дэвшиж байв.